
Зургийг: Монгол Улсын Засгийн газар
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ногоон дата төв байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсоныг мэдээллээ.
Ирэх долоо хоногт COP17 хурлын үеэр Ногоон дата төв байгуулах төслөө олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад танилцуулна. Дата төвийн төсөлд багадаа хоёр тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах өндөр хүлээлттэй байгааг Ерөнхий сайд Н.Учрал тодотгож байсан юм.
Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй сургуулийн үндэсний загвар төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд эхний загвар сургуулийг ирэх есдүгээр сарын нэгэнд Чингэлтэй дүүрэгт нээнэ. Тус загвараар 2027 онд шинээр 100 сургууль барина гэж мэдээллээ. Эдгээр сургууль сэргээгдэх эрчим хүч ашиглахаас гадна усаа дахин боловсруулна. Сурагчид “Chromebook” ашиглаж, технологид суурилсан орчинд суралцах юм.
Ашиглалтад байгаа сургууль цэцэрлэгийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан тул дулаан алдагдал ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр байдаг.
Төрийн өмчийн 700 гаруй сургуулийг халаахад жилд 418 тэрбум төгрөгийг эрчим хүчинд зарцуулж буйг Боловсролын сайд мэдээллээ.