
Зургийг: С.Батсайхан
Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн II улиралд 6.8 сая төгрөг хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр өсөлт боллоо. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар буюу 595 мянган төгрөгөөр өсжээ. Аж үйлдвэр барилга, уул уурхай, олборлолт, хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмж 13.6-27 хувиар өссөн бол үйлчилгээний салбарынх 0.9 хувиар буурсан байна.
Энэ онд эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэний нөлөөгөөр уул уурхайн салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 13.3 сая төгрөг хүрч өсөөд байгаа бол үйлдвэрлэл барилгын салбарынх хамгийн бага буюу 4.5 сая төгрөг байгаа аж.
Монгол Улс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсролын салбараа бодлогоор дэмжвэл бүтээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байгааг Азийн бүтээмжийн байгууллагын судалгаанд тодотгож байсан юм.
Эдийн засагт бүтээмж нэмэгдэхгүй байхад мөнгөний зохиомол нийлүүлэлт хийж, Төрийн худалдан авалт, төсвийг тэлсээр ирсэн нь өнөөгийн өндөр инфляцын суурь болж байгааг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байв.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин II улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Тайлант хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болж, 0.4 нэгж хувиар буурсан байна. Нийт 1.4 сая ажиллах хүчний 94.5 хувийг ажиллагч, 5.5 хувийг ажилгүй иргэд бүрдүүлжээ.
Харин ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар өссөн байна. Нийт ажиллагчдын 52.3 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол 24 хувь нь аж үйлдвэр барилга, 23.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа аж.