
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд 7.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийн 5.6 хувийн өсөлтөөс эрчимжлээ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн энэ сайн үзүүлэлт өрхийн санхүүгийн нөхцөл байдалд одоогоор мэдэгдэхүйц нөлөөлсөн зүйл алга.
II улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 2.8 сая төгрөг болж, жилийн болон улирлын дүнгээр ойролцоогоор таван хувиар буюу 150 мянга орчим төгрөгөөр буурчээ. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ болон хөрөнгийн орлого 24-40 хувиар багассан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Орлого хумигдахын хэрээр өрхүүд хэрэглээгээ танаж, ялангуяа хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлаа 7.8 хувиар бууруулжээ. Иргэд мах, шатахуун зэрэг зайлшгүй хэрэгцээний зардлаа хадгалахын тулд бусад худалдан авалтаа хойшлуулж байгааг энэ нь илтгэж байна.
Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг өрхийн хөдөлмөр эрхлэлттэй илүү холбоотой хөдөө аж ахуйн сэргэлт голлон бүрдүүлж байсан бол энэ онд уул уурхайн салбар эргээд гол хөдөлгөгч болжээ. Үйлчилгээний салбар мөн өсөлтийг дэмжсэн ч уул уурхайтай харьцуулахад өсөлтийн хурд харьцангуй сул байжээ.
Ажлын байр харьцангуй цөөн бий болгодог уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт өссөнөөр дотоодын нийт бүтээгдэхүүн, валютын нөөц, гадаад худалдааны орлого эрчтэй нэмэгдэж буй ч үр өгөөж нь өрхийн болон жижиг бизнесийн орлого, хэрэглээнд төдийлөн хөрвөхгүй байсаар байна.
Үүнээс гадна долоодугаар сард 13 хувьд хүрсэн инфляц өрхийн худалдан авах чадварыг улам сулруулж байна. Цаашид цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн орлогод тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой ч эдийн засгийн өсөлт ажлын байр, бүтээмж болон инфляцаас давсан бодит орлогын өсөлт болж хувирахгүй бол иргэдийн амьдралд мэдрэгдэх нөлөө нь хязгаарлагдмал хэвээр байх төлөвтэй.