
Зургийг: COP17 Mongolia
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мягмар гарагт олон нийтэд зориулсан “Ногоон бүс” нээлтээ хийсэн бөгөөд энэ хэсэгт газрын нөхөн сэргээлт, байгальд ээлтэй шийдэл, инновац бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг иргэдэд танилцуулахаас гадна үндэсний өв соёлыг сурталчлах арга хэмжээнүүд болж буй.
Хурлын хоёр дахь өдрийн хөтөлбөрт тусгаснаар цөлжилтийн үндэсний тайланг танилцуулсан юм. Шинэчлэгдсэн тайлангаар Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжсөн гэсэн дүгнэлт гарчээ. Үүний 0.9 хувь нь нэн хүчтэй цөлжсөн бол 9.4 хувь нь хүчтэй, 43.2 хувь нь дунд хэмжээнд цөлжсөн байдалтай байна. Үүнийг 2020 оны тайлантай харьцуулахад цөлжилт, газрын доройтолд өртсөн газрын хэмжээ таван хувиар нэмэгдсэн ч нэн хүчтэй, хүчтэй цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 16.2 хувиар буурчээ.
Нөгөө талдаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140 сая гаруй мод тариад байгаа юм. Хөтөлбөр эхлэхэд нийт газар нутгийн 7.9 хувь нь ойн сан байсан бол одоогоор 8.71 хувь болж нэмэгдсэнийг БОУАӨ-ийн сайд тодотголоо.
Хурлын албан ёсны уулзалт хэлэлцүүлгүүд болж буй “Цэнхэр бүс”-д 167 улсын 15,100 гаруй хүн зочлохоор бүртгүүлсэн байна. Мөн зочид буудлуудад нийт 9700 гаруй өрөөний захиалга хийгджээ.
Монгол Улсад зочилж буй нэг хүн өдөрт дунджаар 300 ам.долларын зардал гаргахад зочлох үйлчилгээний салбарт өдөрт дунджаар зургаан сая ам.долларын орлого төвлөрөх боломж байгааг албаныхан тодотгож байна.