
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар II улиралд өрхийн сарын дундаж бодит орлого, зарлага тус бүр буурсан үзүүлэлттэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс болон өмнөх улирлаас 4.6-4.8 хувь буюу 130 гаруй мянган төгрөгөөр буурчээ. Тодруулбал: өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний болон хөрөнгийн орлого 24-40 орчим хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
II улирлын байдлаар улсын хэмжээнд 1.1 сая төгрөг хүртэлх орлоготой 97.3 мянга орчим өрх байгаа нь нийт өрхийн есөн хувийг эзэлж байгаа аж. Эдгээр өрхийн мөнгөн орлогын 81.4 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байна.
Ирэх онд ахмад настны тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлэх юм. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг иргэдийн бодит мөнгөн орлого 20 гаруй хувиар нэмэгдэнэ.
Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн шимтгэл төлөх хувь хэмжээ нэмэгдэх юм.
Нийт өрхийн 20 хувийг эзэлж буй бага орлоготой өрхүүдийн сарын дундаж нийт орлого 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.6 дахин бага байна. Улсын дунджаар нэг өрхийн сарын дундаж нийт орлого 3.5 сая төгрөг байгаа юм.
Өрхийн орлого буурсантай холбоотойгоор өрхийн бодит зарлага буурч, ялангуяа хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын зардал дунджаар 7.8 хувиар буурсныг дата мэдээлэл харуулж байна.