logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ₮1 сая болгож нэмэгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 17 15:55
    759

    Зургийг: С.Батсайхан

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос ажилтны цалин, орлогыг инфляц, үнийн өсөлт, амьжиргааны бодит хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар удаа дараа тавьсан санал, шаардлагын үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлэхээр болж байна.

    Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 208 мянган төгрөгөөр буюу 26.3 хувиар нэмэгдэж байна. Ирэх оны 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.

    Өөрөөр хэлбэл ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу нэг сая төгрөгт ногдох 100 мянган төгрөгийн татварыг хөнгөлнө гэсэн үг юм. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч сард 100 мянган төгрөг хүртэл, жилд 1.2 сая төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

    18-7.JPG

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энгийн ажил эрхэлж буй ажилтанд олгох үндсэн цалин, хөлсний хуулиар баталгаажуулсан хамгийн доод хязгаар бөгөөд ажил олгогч ажилтны үндсэн цалинг энэ хэмжээнээс доогуур тогтоох эрхгүй юм.

    Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог. Ийм ажил эрхэлж буй ажилтны цалин нь мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлагатай уялдан нэг сая төгрөгөөс өндөр байх ёстой.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог. Тухайлбал: хүн амын амьжиргааны доод түвшин, инфляц, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, бүрэн тэтгэврийн доод хэмжээ зэрэг нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг харгалзан үздэг.

    Cэтгэгдэл бичих