
Зургийг: Lauren Petracca/Bloomberg
(Bloomberg) -- Зэсийн үнэ долоо дахь долоо хоногтоо дараалсан өсөлтөө үргэлжлүүлж, түүхэн дээд түвшинд ойртлоо.
Лондоны Металлын бирж дээрх зэсийн үнэ сүүлийн байдлаар 1.4 хувиар өсөж, тонн нь 14,364 ам.доллар хүрээд байна. Энэ нь нэгдүгээр сард тогтоосон түүхэн дээд түвшин болох 14,527 ам.доллартой ойролцоо дүн юм.
Ойрын хугацааны эрэлт нь нийлүүлэлтээ давснаар зэсийн спот ханш нь Лондоны бирж дээрх гурван сарын хугацаатай фьючерс гэрээний үнээс тонн тутамд 478 ам.доллароор өндөр байна.
Он гарсаар зэсийн үнэ бараг 16 хувиар өссөн нь Дональд Трампын засаг захиргааны тарифын шийдвэрээс өрсөж, АНУ-ын арилжаачид зэсийн худалдан авалтаа нэмэгдүүлснээр бусад зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотой аж. Ингэснээр Лондоны Металлын биржийн бүртгэлтэй зэсийн нөөц 200 мянган тонн хүртэл буурсан нь хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшин болж байна.
Хиймэл оюуны хөгжилд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийг бэхжүүлэхийн тулд БНСУ-ын Экспорт-Импортын банк нь “Glencore”-д нэг тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ.
Зээлийг “Glencore”-ийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Glencore International AG”-д олгоно. Үүний хариуд “Glencore” БНСУ-ын компаниудад зэс нийлүүлэх юм байна.
"Дэлхийн таваарын зах зээлд онцгой байр суурь эзэлдэг компанид олгож буй санхүүжилт болон хамтын ажиллагаагаар дамжуулан БНСУ-ын дэвшилтэт чипийн нийлүүлэлтийн сүлжээний гол түүхий эдийн хангамжийг бэхжүүлэх боломж бүрдлээ" гэж “Eximbank” мэдэгдэлдээ дурджээ.