
Зургийг: UNCCD COP17
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Монгол Улсад албан ёсоор эхэллээ. Олон улсын бодлого тодорхойлогчид, бизнесийн төлөөлөл, салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулах хурлын үеэр үндсэн гурван санаачилгын хүрээнд 314 төсөл танилцуулагдахаар байна.
Бэлчээрээс дэд бүтэц хүртэл
Хурлын албан ёсны цахим хуудсанд наймдугаар сарын 14-ний байдлаар 7.6 тэрбум ам.долларын дүнтэй 314 төсөл бүртгэгджээ. Нийт төслийн талаас илүү буюу 174 нь бэлчээрийн тэргүүлэх санаачилгад хамаарч, нийт 2.1 тэрбум ам.долларын санхүүжилт хүсжээ. Харин ус ба газрын нэгдсэн менежментийн хүрээнд 3.2 тэрбум ам.долларын өртөгтэй 57 төсөл бүртгэгдсэнээр гурван үндсэн санаачилгаас хамгийн өндөр санхүүжилтийн хэрэгцээтэй чиглэл болж байна.
Харин байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд 2.3 тэрбум ам.долларын 83 төсөл багтжээ. Эдгээрт сэргээгдэх эрчим хүчийг бэлчээр ашиглалттай уялдуулах, Орхон-Онги ус дамжуулах шугам хоолой байгуулах, Зүүн Хойд Азийн шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, цөлжилтийн эсрэг ухаалаг инженерчлэлийн шийдэл нэвтрүүлэх зэрэг төсөл багтаж байна.
Санхүүжилтийн эхний томоохон амлалтууд хурлын үеэр тодорхой болох хүлээлттэй байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк 200 сая евро, "Rio Tinto" нэг тэрбум ам.доллар орчмын хөрөнгө оруулах амлалт өгөхөөр урьдчилсан байдлаар яригдаж байгаа аж.
7500 төлөөлөгч, хоёр бүс
COP17 хурлын талбай хоёр бүсээс бүрдэх бөгөөд "Цэнхэр бүс"-д талуудын бага хурлын эхний хоёр хуралдаан, Шинжлэх ухаан, технологийн хороо болон Конвенцын хэрэгжилтийг хангах хорооны уулзалтууд болох бол "Ногоон бүс"-д олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Хуралд оролцохоор 7500 гаруй зочин, төлөөлөгч бүртгүүлсний 1000 гаруй нь дотоодын оролцогч байна. Олон улсын 6000-8000 төлөөлөгч оролцвол Монгол Улсын эдийн засагт 150 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжтой гэж зохион байгуулагчид тооцоолжээ.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөнөөс 9.4 хувь нь хүчтэй, 0.9 хувь нь нэн хүчтэй ангилалд багтаж байгааг Монгол орны цөлжилтийн үндэсний тайланд онцолжээ. Иймд COP17-ийн үр дүнг төлөөлөгчдийн тоо, зарласан төслийн дүнгээс илүүтэйгээр эдгээр санаачилгаас хэд нь бодит санхүүжилт авч, хэрэгжих шатанд шилжихээр хэмжих нь учир утгатай үр дүн болохоор байна.
COP17-ийн онцлох шийдвэр, шинэ санаачилгууд, нөлөө бүхий зочдын байр суурийг датанд суурилсан мэдээллээр баяжуулан хүргэх тусгай сурвалжилгыг VIII сарын 17-28-ны өдрүүдэд "Bloomberg TV Mongolia"-аар хүлээн авч үзээрэй.