
Зургийг: unccdcop17.org
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн албан ёсны цахим хуудаст наймдугаар сарын 14-ний байдлаар бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татахаар танилцуулж буй 7.6 тэрбум ам.долларын дүнтэй 314 төсөл байна.
Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 2.1 тэрбум ам.долларын өртөгтэй 174 төсөл, ус ба газрын нэгдсэн менежмент санаачилгын хүрээнд 3.2 тэрбум ам.долларын өртөг бүхий 57 төсөл бүртгүүлжээ.
Мөн байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд 2.3 тэрбум ам.долларын 83 төсөл санхүүжилт хүссэн байна. Тухайлбал: сэргээгдэх эрчим хүч ба бэлчээр ашиглалт, Орхон-Онги ус дамжуулах шугам хоолойн төсөл, Зүүн Хойд Азид шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах ба бүс нутгийн интеграц, цөлжилтийн эсрэг Монголын ухаалаг инженерчлэлийн шийдэл зэрэг төслүүдийг дурдаж болохоор байна.
COP17 бага хурал наймдугаар сарын 17-ны даваа гарагт албан ёсоор эхэлнэ.
Хурлын талбайн Цэнхэр бүсэд албан ёсны хурал хэлэлцүүлгүүд зохион байгуулах бол Ногоон бүсэд олон нийт иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанууд болно.
Урьдчилсан хөтөлбөрөөр Цэнхэр бүсэд даваа гарагт талуудын бага хурлын 1, 2 дугаар хуралдаан, шинжлэх ухаан технологийн хороо, конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хуралдаанууд болохоор байна.
Хуралд 7500 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлснээс 1000 гаруй нь дотоодын оролцогч байгааг зохион байгуулагчид мэдээллээ.