
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Химийн үйлдвэрлэлд газрын тосыг нүүрсээр орлуулах БНХАУ-ын олон арван жилийн эрэл хайгуул үр шимээ өгч, Ойрх Дорнодын дайны улмаас түүхий газрын тосны үнэ цойлохтой зэрэгцэн салбартаа тэргүүлэгч “Ningxia Baofeng Energy Group” компанийн ашиг дээд түвшиндээ хүрсэн байна.
БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрлэлийн хүчин чадлын гуравны нэгийг бүрдүүлдэг “Ningxia Baofeng Energy Group” оны эхний хагаст 9.73 тэрбум юанийн (1.4 тэрбум ам.доллар) цэвэр ашигтай ажилласнаа лхагва гарагт тайлагнажээ. Харьцуулбал өнгөрсөн оны эхний хагаст тус компани 5.72 тэрбум юанийн ашиг олсон байна.
Ялангуяа Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт саатаж, газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд түвшиндээ хүрсэн II улирал компанийн хувьд онцгой ашигтай байжээ. “Bloomberg”-ийн тооцоолсноор “Ningxia Baofeng Energy Group”-ийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд 6.1 тэрбум юань хүрсэн нь 2019 онд биржид бүртгэлтэй болсноос нь хойших нэг улирлын дээд үзүүлэлт аж.
“Түүхий газрын тосны үнэ огцом өсөлттэй, өндөр хэлбэлзэлтэй байсан нь газрын тосонд суурилсан олефины түүхий эдийн зардлыг үлэмж нэмэгдүүлсэн. Харин дотоодын нүүрсний үнийн өсөлт харьцангуй бага байсан тул нүүрснээс олефин гарган авах түүхий эдийн зардал үл ялиг нэмэгдсэн” гэж “Ningxia Baofeng Energy Group” санхүүгийн тайландаа онцолжээ.
Нүүрс-химийн үйлдвэрүүд нь нүүрснээс нийлэг хий, шингэн түлш гарган авч, нэхмэл эдлэл, барилгын материал гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг химийн түүхий эд болгон хувиргадаг. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын метанол болон аммиак үйлдвэрлэлийн түүхий эдийн 85 орчим хувийг нүүрс бүрдүүлдэг байна. Тус салбар 2024 онд 390 сая орчим тонн нүүрс хэрэглэснийг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн тооцоолол харуулж байна.
Хэдийгээр дээрх технологи 100 гаруй жилийн түүхтэй ч БНХАУ импортын газрын тосноос хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд сүүлийн арваад жилийн хугацаанд тус салбарыг эрчимтэй хөгжүүлж ирсэн юм. Харин 2020-оод он гарахад өсөлт нь түр саарсан ч Бээжин эрчим хүчний стратегидаа нийлүүлэлтийн аюулгүй байдлыг тэргүүлэх чиглэл болгосноор салбар дахин тэлэлтийн мөчлөгт оржээ.
БНХАУ-ын нүүрс-химийн салбар газрын тос, байгалийн хийн импортыг бууруулахаас гадна нүүрсний арвин нөөцтэй боловч хөгжлөөр сул Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан, Ниншя зэрэг бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг тул Төрөөс дэмжлэг сайн авдаг байна.
Дашрамд дурдахад, “Ningxia Baofeng Energy Group” компанийн төв нь Ниншя-Хотонгийн Өөртөө Засах Оронд байрладаг аж.
“Morgan Stanley”-ийн Жак Лу тэргүүтэй шинжээчдийн тооцоолсноор “Ningxia Baofeng Energy Group” жилд 5.2 сая тонн нүүрснээс олефин үйлдвэрлэх хүчин чадалтай нь БНХАУ-ын нийт хүчин чадлын гуравны нэг орчимтой тэнцэх юм.