
Зургийг: mongolia.gov.mn
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр 298 төслийг үндсэн гурван санаачилгын хүрээнд танилцуулахаар төлөвлөж байгааг мэдээллээ. 290 гаруй төсөлд нийт 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатайг өмнө нь мэдээлж байсан юм.
Хурлын үеэр Европын Хөрөнгө Оруулалтын Банк 200 сая евро, “Rio Tinto” нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах амлалт өгөхөөр урьдчилсан байдлаар мэдээлж буйг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тодотголоо.
COP17 хуралд оролцохоор 7500 орчим зочин төлөөлөгч бүртгүүлснээс 1000 гаруй нь дотоодын оролцогчид байна. Олон улсын 6000-8000 төлөөлөгч оролцох тохиолдолд эдийн засагт 150 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн тооцоололтой байгаа аж.
Хурлын үндсэн сэдэв болох цөлжилтийн асуудлын хувьд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан”-д онцолсноор нийт нутгийн 81.9 хувь нь цөлжсөн байна. Үүний 9.4 хувь нь хүчтэй, 0.9 хувь нь нэн хүчтэй цөлжсөн гэсэн үнэлгээтэй байна.
Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Багахангай-Хөшигийн Хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэx асуудлыг хэлэлцлээ. Төслийн хувьд эхний 87 км замын ажил дуусаж, ашиглалтад бэлтгэх, туршилтын тээврийн ажил хийгдэж байгаа бөгөөд есдүгээр сарын нэгэн гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Зам ашиглалтад орсноор эн тэргүүнд Улаанбаатар хотоор тээвэрлэж буй аюултай ачаа тээврийг хотоос гаргахыг Зам, тээврийн сайд мэдээллээ.