
Зургийг: Angel Garcia/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ ирэх онд хиймэл оюун болон бусад стратегийн ач холбогдолтой салбарыг санхүүжүүлэхийн тулд Үндэсний Баялгийн сандаа нэг их наяд вон буюу 707 сая ам.доллар төвлөрүүлэхийг зорьж байна.
Хөрөнгө оруулалтын хэмжээ 600 тэрбум воноос нэг их наяд вон ч давж магадгүйг БНСУ-ын инновац, өсөлт хариуцсан Сангийн дэд сайд мэдээллээ. Хөрөнгө оруулалтын эцсийн дүн нь сонгогдох төсөл, компаниуд болон хөрөнгийн хэрэгцээнээс шалтгаална. Одоогоор дэлхийн хиймэл оюуны өсөлтийн гол тулгуур болсон “Samsung Electronics” болон “SK Hynix” компанид шууд хөрөнгө оруулахаар төлөвлөөгүйг онцолжээ.
БНСУ өнгөрсөн сард хиймэл оюун, дата төв болон дэд бүтцэд хөрөнгө оруулах зорилгоор “Korea Investment” компанид 20 их наяд воны санхүүжилт өгөхөө мэдэгдэж байсан юм. Харин тусдаа үйл ажиллагаа явуулах шинэ сан нь илүү стратегийн хөрөнгө оруулалтын чиг үүрэгтэй байх аж.
Үүнд робот техник, эрчим хүч, цэнэг хураагуур болон цахилгаан эрчим хүчний сүлжээ зэрэг дэд бүтцийн салбар хамаарна. Мөн цөмийн эрчим хүч, сансар судлал, квант технологийн салбарыг ч судалж байна.
Ойрх Дорнод, Европ болон Хойд Америкийн Баялгийн сангууд БНСУ-д хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлснийг тус улсын Засгийн газар мэдээлсэн юм. Хэдий тийм боловч хэлэлцээ эхний шатанд байгаа тул тодорхой санг нэрлээгүй байна.