
Зургийг: tmkenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна.
Долоодугаар сард хоногийн дундаж олборлолт өмнөх сараас таван хувиар нэмэгдэж, 778 шоо метр хүрсэн байна. Хэдийгээр тоног төхөөрөмжийн саатал, цахилгааны тасалдал гарсан ч хийн гарцын өсөлт наймдугаар сард үргэлжилж, одоогоор өдрийн дундаж олборлолт 800 шоо метр даваад байгааг онцоллоо.
Тус компани 2026 оны ажлын хөтөлбөрийн хүрээнд хоёр хүртэлх шинэ цооног өрөмдөж, одоо байгаа цооногуудын олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн “Дашваанжил” групптэй хамтарсан байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөлд ахиц гарч, дизайн болон инженерчлэлийн ажил нь бэлэн болсон бөгөөд 12 дугаар сар гэхэд төслийн анхны цахилгаан эрчим хүчийг гаргаж авахаар зорьж байгааг мэдээлжээ. Хэдий тийм боловч үүнээс өмнө арилжааны нөхцөлийг эцэслэх болон аравдугаар сард эцэслэн гаргах хөрөнгө оруулалтын шийдвэр хүлээгдэж байгаа аж.
Өнгөрсөн тавдугаар сард хоёр компани хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “TMK Energy”-ийн туршилтын цооногуудаас олборлосон хийг “Дашваанжил” группийн нийлүүлэх импортын шингэрүүлсэн хийн түлштэй (LPG) хослуулан ашиглах нэг мегаватт хүртэлх хүчин чадалтай бага оврын модуляр цахилгаан станц барихаар тохиролцсон юм.