
Зургийг: ХХААХҮЯ
Экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн түүхий эдүүдээс самнасан ноолуур, хонины ноосноос бусад түүхий эдийн экспорт оны эхний долоон сард буурсныг гадаад худалдааны дата мэдээлэл харуулж байна.
Энэ оны эхний долоон сард 1400 гаруй тонн самнасан ноолуурыг 147.2 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 94 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн хонины ноосны экспорт 50 гаруй хувиар өссөн байна. Харин рапс болон самрын экспорт 85-90 хувиар буурчээ.
Тайлант хугацаанд 10.5 мянган тонн хонь, ямаа, адууны мах гадаад зах зээлд нийлүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хонь, ямааны мах 17.7 хувиар, адууны мах 20.3 хувиар тус тус буурчээ.
Оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 53 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нийлүүлэлт буурснаас шалтгаалан махны үнэ өнгөрсөн хавраас түүхэн дээд түвшинд хүртэл өсөөд буй.
Намраас улирлын хандлагаа даган буурна гэсэн хүлээлт байгаа ч долоодугаар сарын байдлаар амьд малын үнэ өмнөх оны мөн үеэс 40-68 орчим хувиар, мах махан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өссөн дүнтэй байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ сүүлийн таван сарын хугацаанд хоёр дахин өсөж, 13 хувь хүрээд байгаа юм.