
Зургийг: ulaanbaatar.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын “BYD Company Limited” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, “Sky Shuttle” нийтийн тээврийн системийг нийслэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “BYD” тулгуурт гүүрэн байгууламж дээрх монорельс замаар явдаг, цахилгаанаар ажилладаг, жолоочгүй системийг БНХАУ-ын 10 хот болон Бразилын Сан-Паулу хотод нэвтрүүлсэн бөгөөд хасах 40 хэмийн нөхцөлд ч ажиллуулах боломжтойг онцолжээ. Төслийг Улаанбаатарт хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа тус компанийн төлөөлөгчид мөн танилцуулсан байна.
Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн бүтэц болон эрчим хүчний дэд бүтцийн шаардлагын тооцоолол одоогоор тодорхой болоогүй байна.
Талууд Улаанбаатарын хэрэгцээ, өвлийн нөхцөлтэй уялдуулан төслийг нарийвчлан судалж, Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.