
Зургийг: Akio Kon/Bloomberg
(Bloomberg) -- Японы иений ханшийн сулрал ужгирч, хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар хүртэл уналтыг нь зогсооход хүчээ нэмэрлэлээ. Гэсэн ч энэхүү “түр эмчилгээ”-ний нөлөөлөл багассаар даваа гарагийн арилжаа хаахад ам.долларын эсрэг нэг хувиар суларснаар хослол 159.29 нэгжтэй тэнцэв. Ингэснээр иений ханш интервенцийн дараах өсөлтийнхөө тал хувийг алдаж, эрх баригчид дахин зах зээлд оролцох эсэх нь анхаарлын төвд ороод байна.
Иен яагаад ингэж доройтов?
АНУ-ын Ирантай хийж буй дайн иений ханшид шинэ дарамт болсон. Япон эрчим хүчний хэрэгцээгээ бараг бүхэлд нь импортоор хангадаг бөгөөд газрын тосны импортынх нь 95 гаруй хувь Ойрх Дорнодоос нийлүүлэгддэг тул нийлүүлэлтийн тасалдалд эмзэг. Газрын тосны үнэ өсөхөд Япон эрчим хүчний бүтээгдэхүүний импортод ам.доллароор өндөр төлбөр хийх шаардлагатай болж, гадаад валютын эрэлт нэмэгдэхийн хэрээр иений ханшид сөргөөр нөлөөлнө.
Үүний зэрэгцээ бүтцийн хүчин зүйлсийн нөлөөлөл бий. Японы хэт бага хүү болон АНУ тэргүүтэй бусад том орнуудын хүүгийн зөрүү өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдыг иенээр бага хүүтэй санхүүжилт татаж, гадаадын өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулахад таатай болгодог. Үүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагшлах урсгал иений ханшид тогтмол дарамт учруулж буй. Японы Төв банк зургаадугаар сард бодлогын хүүгээ 30 жилийн дээд түвшинд хүргэсэн ч олон улсын жишигтэй харьцуулахад бага хэвээр байна.
АНУ-д яагаад чухал вэ?
Дээр дурдсанчлан иен бол зээл авахад тохиромжтой валют учраас хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бонд зэргийг зээлээр авч өндөр өгөөж хүртдэг. Үүнээс үүдсэн иений савлагаа ихэссэнээр олон улсын хөрөнгө оруулалтын урсгалд, ялангуяа хувьцаа, бондын зах зээлд дам сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Мөн Японы Төв банк иений ханшийг хамгаалахын тулд өөрийн нөөц дэх АНУ-ын Засгийн газрын бондыг зарж, дараа дараагийн интервенцээ санхүүжүүлэхээс өөр сонголт хомс болно. Энэ нь эргээд АНУ-ын зээлийн өртөг нэмэгдэхэд нөлөөлнө гэсэн үг. Мөн холбоотон орнуудын хувьд улс төрийн эерэг мессежний зорилго бас бий.
Интервенц гэж юу билээ?
Товчхондоо аливаа улсын Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтээ чангаруулах, эсвэл сулруулахын тулд гадаад валютын зах зээлд шууд оролцохыг хэлнэ. Японы хувьд валютын зах зээлд хэзээ интервенц хийхийг Сангийн яам шийдвэрлэж, Японы Төв банк цөөн тооны арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлдэг. Ингэхдээ иений ханшийг чангаруулахын тулд тэдгээр банк иен худалдан авч, ам.доллар зардаг. Гүйлгээний хэмжээ нь Сангийн яам зах зээлд хэр хүчтэй нөлөөлөхийг зорьж байгаагаас болон зах зээл хэр хурдан хариу үйлдэл үзүүлэхээс хамаарна.
Интервенцэд ашиглах ам.долларыг ихэвчлэн Японы гадаад валютын нөөцөөс гаргадаг бөгөөд тэр нь бэлэн мөнгө эсвэл АНУ-ын Засгийн газрын бонд хэлбэрээр байна. Сүүлд хийсэн интервенцээр Японы тал дангаараа 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан мэдээлэл гарч байв.
Хэдий тийм боловч интервенц нь эцсийн эцэст “шархны наалт” маягийн шийдэл гэж болно. Японд бодлогын хүү бага хэвээр байгаа хойно хөрөнгө оруулагчдын иен зээлж, өөр газар хөрөнгө оруулах сонирхол буурахгүй л болов уу.