
Зургийг: Техник импорт ХК
Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, материал импортлон нийлүүлэгч “Техник Импорт” ХК 2026 оны эхний хагас жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн дүн болов. Тус компани өнгөрсөн оны эхний хагаст 528 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ он гарсаар 1.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг онцолж болохоор байна.
“Техник импорт” ХК гадаад валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээгээгүй, мөн санхүүгийн зардлаа өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар бууруулсан нь ашигт ажиллагаанд нь эергээр нөлөөлжээ.
Тайлант хугацаанд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, инфляцын өсөлтөөс шалтгаалан бэлэн мөнгөний хомсдол үүссэн. Үүний нөлөөгөөр харилцагч байгууллагууд, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь компанийн борлуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж тус компани эхний хагас жилийн үйл ажиллагааны тайландаа дурдсан байна. Ингэснээр өр авлага үүсэх цаашлаад эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр дутагдах эрсдэлийг бий болгож бараа материалын захиалга хийх, нийлүүлэх ажиллагаа удаашрах, хойшлогдоход нөлөөлөх хүчин зүйлс болсон гэдгийг тодотгожээ.