logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хүнсний үнэ үргэлжлэн өссөнөөр VII сард Монгол Улсын инфляц сүүлийн 3 жил хагасын дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 11 09:00
    315

    Зургийг: С.Батсайхан

    Хэрэглээний үнийн улсын индекс өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөв

    Монгол Улсын жилийн инфляц долоодугаар сард сүүлийн гурван жил хагасын дээд түвшинд хүрч, мах, шатахууны нийлүүлэлтийн асуудлаас үүдсэн үнийн дарамт дотоодын бараа, үйлчилгээний зах зээлд өргөн хүрээнд тархаж буйг харууллаа.

    Хэрэглээний үнийн индекс долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөж, 2022 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг Үндэсний статистикийн хорооны дата харуулж байна. Энэ оны хоёрдугаар сард 6.5 хувь байсан инфляц ийнхүү тавхан сарын дотор хоёр дахин нэмэгдэж, Төв банкны зорилтот интервалаас зургаан нэгж хувиар даваад байна.

    Хүнс, ундаа, усны бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 25.5 хувиар өсөж, нийт инфляцын 7.0 нэгж хувь буюу 53.7 хувийг дангаар бүрдүүлсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өсөж, хүнсний барааны үнийн өсөлтийн жин дээрх хугацаанд 30 гаруй хувиар нэмэгджээ.

    unnamed (2).jpg

    Хэдий тийм боловч инфляцыг зөвхөн мах, шатахууны нийлүүлэлтийн “шок”-оор тайлбарлахад хангалтгүй. Импортын барааны нийт нөлөө 3.5 нэгж хувь буюу инфляцын 26.5 хувьтай тэнцсэн нь төгрөгийн ханш, гадаад үнэ, дотоод эрэлт зэрэг олон сувгаар дарамт нэмэгдсэнийг илтгэж байна.

    Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы үзэж буйгаар үнийн өсөлтийн суурь шалтгаан нь нийлүүлэлтийн богино хугацааны хүндрэлээс илүүтэй сүүлийн жилүүдийн төсвийн тэлэлт, эдийн засаг дахь мөнгөний зохиомол нийлүүлэлттэй холбоотой аж. “Бүтээмж нь өсөхгүй байхад мөнгөний нийлүүлэлт өсөж, төрийн худалдан авалт, Төрийн бүтэц данхайгаад байгаа нь сүүлийн 5-6 жилийн инфляцыг үйлдвэрлэж ирсэн”-ийг тэрбээр онцолсон юм. Иймд инфляцыг тогтвортой бууруулахын тулд өсөлтийнх нь үндсэн шалтгаан болсон мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах ёстой гэж үзэж байна.

    Монголбанк зургаадугаар сарын хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээж, 2025 оны гуравдугаар сараас хойш өөрчлөлт оруулаагүй. Төв банк энэ удаагийн инфляцын өсөлтийг түр зуурын нийлүүлэлтийн шокийн нөлөөлөл гэж тодорхойлж, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд эргэн орно гэсэн төсөөлөл тухайн үед танилцуулсан юм.

    Мөн Олон Улсын Валютын Сан инфляц хүнс, түлшний өндөр үнийн нөлөөгөөр 2026 оны эцэс хүртэл 10 хувь орчимд хадгалагдаж, үүний дараа аажмаар саарна гэж тооцоолж байна. Гэхдээ сонгуулийн өмнөх нийгмийн болон популист дарамтаас үүдэн төсвийн сахилга алдагдах эрсдэл, мөн дэлхийн түүхий эдийн зах зээл болон гадаад эрэлтийн өөрчлөлт Монгол Улсын инфляцын төлөвийг улам тодорхойгүй болгож байгааг анхааруулжээ. 

    Cэтгэгдэл бичих