
Зургийг: Э.Тэнгис
Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс өндөг, цагаан будаанаас бусад төрлийн бүтээгдэхүүний импорт өссөнийг статистик мэдээлэл харуулж байна. Оны эхний долоон сарын байдлаар 57.4 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар буурчээ. Мөн 19.3 мянган тонн цагаан будаа импортолсон нь 2024-2025 оны эхний долоон сартай харьцуулахад 22-39 хувиар буурсан дүн болж байна.
Өндөгний хэрэглээг дотоодоос бүрэн хангах зорилтын хүрээнд үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж, 2025 оны байдлаар нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг дотоодоос хангасан бол үлдсэн 20 гаруй хувийг импортоор худалдан авчээ.
Оны эхний долоон сарын хугацаанд 126.4 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс 40 дахин өссөн дүн боллоо. Баруун таван аймгийн боомтоор улаанбуудай, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлээд байгаа юм. Мөн өнгөрсөн онд ургац хураалт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйгээс дотоодын хэрэглээнд 100 мянга гаруй тонн улаанбуудай импортоор худалдан авах шаардлагатайг салбарын яам мэдээллээ. Харин энэ онд 300 мянга гаруй га талбайд улаанбуудай тариалж байна.
Үүнээс гадна хүнсний ногоо, жимс самар, элсэн чихэр, тахиа, гахайны махны импорт 10-40 хүртэлх хувиар өсжээ.
Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Хэлэлцээрээр 367 төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөлж чөлөөлсөн юм.
Энэ хүрээнд хүнсний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импорт нэмэгдэх төлөвтэй байгаа ч Монгол Улс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах чиглэлд өндөг, улаанбуудай, хуурай сүү зэрэг бүтээгдэхүүний импортод квот тогтоогоод буй.