
Зургийг: Э.Тэнгис
Оны эхний долоон сарын дүнгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт түүхэн дээд түвшин буюу 19.3 тэрбум ам.доллар давж, өмнөх оны мөн үеэс 5.1 тэрбум ам.доллар буюу 36.1 хувиар өслөө. Улс орнуудад экспортолсон бараа, бүтээгдэхүүний дүн 12.2 тэрбум ам.доллар болсон нь нийт эргэлт үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Ингэснээр худалдааны тэнцлийн ашиг анх удаа таван тэрбум давсан байна.
Экспортын 44.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 38 хувийг чулуун нүүрсний орлого эзэлснийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс өсөлттэй байгааг статистик дата харуулж байгаа юм.
Харин боловсруулаагүй газрын тосны экспорт буурч, 1.95 сая баррелийг гаргажээ. Энэ чиглэлд Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн олборлогч компаниудтай түүхий эдийг дотооддоо нийлүүлэх чиглэлээр хэлэлцээ хийхээр тогтоолын төсөл өргөн бариад буй. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос мах, ноолуурын экспорт тус тус өссөнийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.
Харин импортын хувьд өмнөх саруудын өсөлтөөс харьцангуй саарахад өндөр дүнтэй бүтээгдэхүүн болох автомашин, түүний хослох бүтээгдэхүүнүүдийн импорт буурсантай холбоотой байна. Өмнөх онуудад эрчимтэй өсөж байсан суудлын автомашины импорт энэ оны эхний долоон сарын хугацаанд нийт импортод 12.3 хувийг эзэлж байна.
Оны эхний долоон сарын хугацаанд Монгол Улс 52,225 суудлын автомашиныг 607.4 сая ам.доллароор импортолсон нь сүүлийн гурван жилийн ижил хугацааны хамгийн бага дүн болж байна.
Мөн ачааны 12,156 автомашин импортолсон нь сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болсныг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ. Хэдий тийм боловч дээрх хугацаанд автобензин, дизель түлшний импорт жилийн өмнөхөөс 10-14.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.