
Зургийг: AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Украин улс өнгөрсөн сарын турш ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтийн сүлжээний бүхий л хэсэгт тасралтгүй цохилт өгсөн нь дэлхийн эрчим хүчний зах зээл хэдийн хүнд нөхцөлд орсон энэ үед нийлүүлэлт тасалдах аюулыг улам өрдөх боллоо. Сүүлд лхагва гарагийн шөнө Украин Ярославлийн үйлдвэр болон Башкортостан дахь “Bashneft”-ийн “Novoil” үйлдвэрт дараалсан дроны цохилт өгчээ.
Хоёр улсын нээлттэй хийсэн мэдэгдлүүдэд үндэслэн “Bloomberg”-ийн тооцоолсноор өнгөрсөн сард ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд, тээвэрлэгч хөлөг онгоцнууд, далайн боомтын болон магистраль дамжуулах хоолойн дэд бүтцэд Украин хамгийн багадаа л 30 удаа цохилт өгчээ. Энэ нь ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Ираны дайны улмаас нийлүүлэлт хумигдаж, дэлхий даяарх нефть боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа дээд түвшинд ажиллаж буй энэ үед ОХУ-ын экспортод ч эрсдэл учирчээ. Дотоодын зах зээлд хомсдол дахин үүсэхээс сэргийлэхийн тулд Москва өнгөрсөн долоо хоногт дизель түлш болон автобензиний экспортын дийлэнх хувьд тавьсан хоригоо сунгасан юм.
Долоодугаар сарын эхний хагаст Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү онилсон цохилт өгч байсны дотор Украины хилээс 2500 гаруй километрийн зайд орших, ОХУ-ын хамгийн томд тооцогдох Омскийн үйлдвэр ч өртсөн юм. Харин сарын сүүлийн хагаст нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг онилсон тул ОХУ-ын зарим үйлдвэрүүдэд засвар хийж, үйл ажиллагаагаа сэргээх боломж олгосон байна.
“EA Analytics”-ийн тооцоолсноор ОХУ-ын түүхий газрын тос боловсруулах хэмжээ долоодугаар сард өдөрт дунджаар 3.6 сая баррель байжээ. Энэ нь улирлын ердийн түвшнээс 35 орчим хувиар бага үзүүлэлт юм.