
Зургийг: Э.Тэнгис
ОХУ-аас наймдугаар сард худалдан авах АИ-92 төрлийн бүтээгдэхүүний үнэ тонн нь 800 ам.доллар байснаас 851 ам.доллар болж өссөн бөгөөд үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөл удахгүй хуралдахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.
Үнийн зөвлөл нөөц хангамжийг тасалдуулахгүй байхад голлон анхаарна. Мөн БНХАУ болон БНСУ-аас импортлох бүтээгдэхүүний үнийг харгалзан үзэхийг тодотголоо.
Шатахууны үнийн өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар автобензин, дизель түлшний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаад буй.
Наймдугаар сарын тавны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 580 тонн АИ-92 төрлийн шатахуун буусан байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 155, орон нутагт 80 шатахуун түгээх станцад түгээлт хийжээ.
Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, дотоодоос түүхий эдээр бүрэн хангадаг болох хүртэл шатахуун түлшний хангамж эрсдэлтэй хэвээр байхыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд онцоллоо.
Харин Ардчилсан намын зүгээс шатахууны хомсдолын асуудал нь Төрийн бодлогын хомсдолын үр дагавар гэж мэдэгдсэн юм. Тиймээс Төр шатахууны үнэд нөлөөлөхийн оронд зах зээлийн зарчмаар нь үнийг чөлөөлөх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Шатахууны хомсдолыг арилгахын тулд шатахуун худалдан авах эх үүсвэрийг богино хугацаанд нэмэгдүүлэх, дунд хугацаандаа цахилгаан, хийн хөдөлгүүртэй автомашинуудын эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн нефть боловсруулах бага, дунд оврын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, тусгай зөвшөөрлүүдийг нээлттэй болгох, цаашлаад евро стандарт хангасан үйлдвэрлэл импортын бодлого хэрэгжүүлэх нь чухал гэдгийг тодотголоо.