
Зургийг: Э.Тэнгис
Наймдугаар сарын гуравны өдрийн байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас нэг хувиар, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар буурсныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс хонины ястай мах нэг кг нь 27,342 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар, өмнөх сараас нэг хувиар буурсан дүн боллоо. Харин орон нутагт хонины ястай махны үнэ нэг кг нь дунджаар 22,288 төгрөгийн ханштай байна.
Үхрийн цул мах нийслэлд нэг кг нь 37,767 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар өссөн бол өмнөх сараас 1.4 хувиар буурчээ.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн дунд төмсний үнийн статистик хамгийн их анхаарал татаж байна. Долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэг кг төмс 4299 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 80.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч хамгийн сүүлийн статистик мэдээллээр нэг кг төмсний дундаж үнэ 3523 төгрөг болж, 18 хувиар буурчээ.
Хүнснээс гадна АИ-92 шатахуун нэг литр нь 2840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн бол дизель түлш нэг литр тутамдаа 4185 төгрөг болж, 41.1 хувиар нэмэгдээд байна. Орон нутагт АИ-92 3049 төгрөг, дизель түлш 4513 төгрөгөөр худалдаалагдаж байгааг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.