
Зургийг: Э.Тэнгис
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2027 оны төсвийн төслийн саналаа 6.9 их наяд төгрөгөөр тооцоолсноо танилцууллаа. Энэ нь 2026 оны батлагдсан төсвөөс 40 гаруй хувиар өссөн дүн болж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь төсөв тэлэхэд нөлөөлж буй. Ирэх онд ахмад настнуудын тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Салбарын сайдын 2027 оны төсвийн хязгаарыг 4.9 их наяд төгрөг байхаар баталсан ч хүн амын өсөлт болон хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмээд хоёр их наяд гаруй төгрөг шаардлагатайг мэдээллээ.
Сангийн яамд өгсөн саналаар 2027 онд Нийгмийн даатгалын сан 2.6 их наяд орчим төгрөгийн алдагдалтай байхаар байна. Сангийн нийт зарлага 9.3 их наяд төгрөг хүрэх бол 3.3 их наяд төгрөгийг төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай. Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн татаасын хязгаарыг 1.6 их наяд төгрөгөөр баталсан ч 1.8 их наяд төгрөгийг нэмж тооцоолжээ.
Үүнээс гадна Нийгмийн халамжийн сангийн зардал 2.8 их наяд төгрөг болохоос 50 гаруй хувийг нь Хүүхдийн мөнгө эзэлнэ. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа болон амьжиргааны тэтгэмжийг тус бүр 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй.
Мөн хөрөнгө оруулалтад 30 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 150 тэрбум төгрөг, хүүхэд хамгаалах зардал болон хүүхдийн төлөө санд 40.7 их наяд төгрөгийг тус тус төлөвлөжээ.
Боловсруулсан төсвийн хүрээнд 2027 онд нийт 22 хөтөлбөрийн үр дүнг тодорхойлсон. Тухайлбал: нийт ажиллах хүчинд даатгуулагчдын эзлэх хувийг 84.2 хувьд хүргэх, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг 58.2 хувьд, бага цалинтай ажилчдын тоог 14 хувьд хүргэх зэргээр тусгажээ.