logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    ЗГ: Үнийн өсөлтөөс сэргийлж газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 05 15:15
    193

    Зургийг: Э.Тэнгис

    АҮЭБЯ: Зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан автомашины тоо 2.4 дахин нэмэгдсэн

    Шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээллээ. Одоогоор импортлогчидтой шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй,  нийлүүлэгдэж байгаа газраас нь л авч байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. 

    Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, ОХУ, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.доллар хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

    Монгол Улс наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть" болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийсэн байна. 

    Лхагва гарагийн байдлаар Монгол Улсад 36 вагон 2160 тонн АИ-92 автобензин орж ирээд байгааг Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр мэдээллээ.

    Өнгөрсөн тав хоногт нийт 162 вагон 9720 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна. Улаанбаатар хотод шатахууны нөөцийн хүртээмжийг сайжруулах шийдвэрийн өмнө өдөрт 38,000 автомашин цэнэглэж байсан бол шинэ зохицуулалтын үр дүнд 115,000 болж хүртээмж 2.4 дахин өссөнийг салбарын сайд онцоллоо. Мөн шатахуун түгээх станцуудын өдрийн цэнэглэлт дуусаж дараагийн цэнэглэлт авах хүртэл хугацаанд хүлээлт үүсдэг байсан дутагдал арилж буйг тодотгов.

    Монгол Улсад 200 гаруй аж ахуйн нэгж шатахуун импортлох зөвшөөрөлтэй ч тэдгээрийн 20 орчим хувь нь л импортын эх үүсвэрээр хангагдаж байгаа аж. Түүнчлэн дотоодын хэрэгцээг хангах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц хэвийн байгааг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих