
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 7.9 тэрбум ам.доллар давж өслөө. Сарын дүнгээр дөрвөн хувиар өссөн нь өмнөх саруудын өсөлттэй харьцуулахад дундаж түвшинд байгаа бол оны эхнээс 13.67 хувиар нэмэгдсэн байна.
Гадаад валютын албан нөөц улсын импортын 3-6 сарын хэрэглээг хангах хэмжээнд байхыг зохистой түвшин гэж үздэг. Өнөөгийн гадаад валютын нөөц үүнд хангалттай хүрэлцэхүйц байгааг оны эхний хагас жилийн гадаад худалдааны статистик мэдээ харуулж байна.
Үүнээс гадна долоодугаар сард Төв банкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 1.4 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл худалдан авчээ.
Алтны худалдан авалт болон голлох эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж буй. Мөн сүүлийн саруудад зэсийн ханш тогтмол өсөж байгаа нь экспортын орлогын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал: зэсийн ханш оны эхнээс харгалзан 15-37 хувиар өсөөд байгаа юм.