logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    БЯ: 2027 онд боловсролын салбарт ₮8.2 их наядын төсөв шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 05 09:50
    128

    Зургийг: Боловсролын яам

    Боловсролын салбарын төсөв сүүлийн дөрвөн жилд ДНБ-ий 4-5.2 хувьтай тэнцэж байна

    2027 онд боловсролын салбарт шаардлагатай төсөв 8.2 их наяд төгрөг байхаар тооцоолсныг Боловсролын яам танилцууллаа. Үүний зургаан их наяд төгрөг нь урсгал зардал, хоёр их наяд төгрөг нь хөрөнгийн зардал байна. Энэ нь 2027 оны улсын төсвийн нийт зарлагын 22.6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.9 хувьтай тэнцэх дүн болж буй.

    Ирэх онд боловсролын салбарын төсвийг хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг арилгах, хот, хөдөө ялгаагүй чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход чиглүүлнэ гэдгийг салбарын сайд тодотгов. Энэ хүрээнд хөтөлбөрийн шинэчлэл хийх, сайн багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, хүүхэд бүр хувьсах зардалтай байх, хуурамч үнэлгээг арилгах зэрэгт чиглэсэн үндсэн зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    Урсгал болон хөрөнгийн зардлыг батлагдсан хязгаараас 1.2-1.3  их наяд төгрөгөөр илүү төлөвлөсөн нь сурагчдын тооны өсөлт, шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, ажил олгогчоос олгох тэтгэмж урамшуулал зэргийг харгалзан тооцоолжээ.

    Сүүлийн дөрвөн жилийн байдлаар боловсролын салбарын төсөв нэгдсэн төсвийн нийт зарлагын 12.6-16.4 хувийг эзэлсэн бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5.2 хувьтай тэнцэж байна.

    2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 34.8 их наяд төгрөг, нийт зарлагын дээд хэмжээ 36.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан юм.

    Cэтгэгдэл бичих