
Зургийг: Imen Ben Youssef/Hans Lucas/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын “DeepSeek” компани Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хиймэл оюуны асар том дата төв байгуулахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Цахиурын хөндийн тэргүүлэх хиймэл оюуны компаниудтай өрсөлдөх чадвартайгаа батлан харуулсан тус стартапын хувьд энэ нь тооцооллын дэд бүтцээ үлэмж хэмжээнд тэлэх амбицтай алхам болж байна.
Тус компани Бээжингээс баруун хойд зүгт 350 орчим километр зайд орших Улаанцав хотод нэг гигаваттын хүчин чадалтай дата төвийн дэд бүтэц байгуулахаар зорьж буй аж. Ингэхдээ өөрсдийн шинэ байгууламжаас гадна бусад компаниас тооцооллын нэмэлт хүчин чадал түрээслэн ашиглахаар төлөвлөжээ. Орон нутгийн захиргаанаас олгосон зөвшөөрлүүдээс үзвэл Улаанцавт 10 гаруй компани энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр байна.
“DeepSeek” дата төвийн төслийнхөө эхний хэсгийг наанадаж 2027 оны эцэс, 2028 оны эхээр ашиглалтад оруулах зорилт тавьжээ. Харин төсөлд ямар төрлийн чип ашиглах нь одоогоор тодорхойгүй байна. Одоогоор “Nvidia” компанийн хагас дамжуулагч хиймэл оюуны дата төвүүдийн стандарт нь болсон бол "Huawei Technologies" энэ салбарт БНХАУ-ын үндэсний тэргүүлэх компанид тооцогдож байна.
Жилийн дундаж температур нь цельсийн дөрвөн хэм орчим байдаг Улаанцав орчмын сэрүүн уур амьсгал нь хиймэл оюуны серверүүдийг хөргөхөд шаардагдах асар их хэмжээний эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай.
Хямд өртөгтэй, нээлттэй эхийн хиймэл оюуны модель хөгжүүлэлтээр тэргүүлдэг "DeepSeek" нь АНУ-ын “OpenAI”, “Anthropic” зэрэг компанийн бизнесийн төлөвт заналхийлж буй. БНХАУ-ын AI үйлчилгээний өртөг АНУ-ын ижил төрлийн хувилбаруудынхаас ихэвчлэн 10 дахин, зарим тохиолдолд түүнээс ч бага байдаг.
Үүнээс гадна “DeepSeek” IPO хийх бэлтгэлээ эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан биржид бүртгүүлэх хүсэлт хүргүүлж магадгүйбайгааг “Bloomberg News” өмнө нь мэдээлж байсан юм.