logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АЖМХ: Шатахууны асуудлаас болж аялал жуулчлалын салбар ₮1.2 их наядын хохирол хүлээх эрсдэлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 04 16:00
    504

    Зургийг: Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ / MTO

    АЖМХ: Агаарын болон авто тээврийн шатахууны хангамж тасалдах нь аялал жуулчлалын салбар төдийгүй улсын нэр хүнд, олон улсын арга хэмжээний зохион байгуулалтад бодит эрсдэл учруулж болзошгүй байна

    Шатахууны хомсдолоос шалтгаалан аялал жуулчлалын салбар "Тэг зогсолт" хийхэд хүрээд байгааг салбарынхан мэдээллээ. Шатахуун хангамжийн асуудлаас болж VIII, IX сарын аяллууд цуцлагдах тохиолдолд нэг жуулчнаас олох дундаж орлогоор тооцоход 1.2 их наяд төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэйг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо анхааруулж байна.

    Шатахууны хомсдолын улмаас аяллууд цуцлагдах, жуулчид нислэгээс хоцрох, орон нутагт саатах, жуулчин тээврийн үйлчилгээ тасалдахад хүрээд байгаа юм. Иймд шатахуун хангамжийн асуудлыг яаралтай  шийдвэрлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ.

    Засгийн газар олон улсын болон орон нутгийн нислэг, хот хоорондын жуулчин тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах, агаарын хөлгийн болон авто тээврийн шатахууны нөөц нийлүүлэлтийг тогтворжуулах,  COP17 бага хурлын үеэр жуулчдад үйлчлэх тээврийн хэрэгслүүдийг шатахуунаар тасралтгүй хангах зохицуулалт хийх шаардлагатайг онцолж байна. Энэ асуудлыг лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгийг салбарын яам мэдээлэв.

    unnamed (1).jpg

    Монгол Улс 2026 он гарсаар 580 мянга гаруй жуулчин хүлээн аваад байгааг салбарын статистик мэдээллээс харж болохоор байна. Зөвхөн долоодугаар сард 150,257 жуулчин ирсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт боллоо.

    Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж байгаагаас энэ оны эхний долоон сарын байдлаар 60 шахам хувийн гүйцэтгэлтэй байна. 

    COP17 буюу цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохтой холбоотойгоор Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.

    Долоодугаар сарын эцсийн байдлаар тус хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлснийг зохион байгуулагчид мэдээллээ. Хуралд дотоод, гадаадын нийт 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцоно гэж тооцоолж буй. Хурлын үеэр цэнхэр, ногоон бүсэд Монголын өв соёл, урлагийг сурталчлах тоглолт, үзэсгэлэн, соёлын олон талт  арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. 

    Cэтгэгдэл бичих