
Зургийг: Э.Тэнгис
Даваа гарагийн шөнийн байдлаар 49 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн Дархан болон Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцууд руу ачилт хийж эхэлсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. Мөн 24 вагон автобензин замд ирж байгаа тул өнөөдөр гаалийн бүрдүүлэлт хийгээд буулгахаар төлөвлөж байна.
Наймдугаар сарын гуравны өдрийн байдлаар 554 мянган тонн автобензин, нэг сая тонн дизель түлш импортлогдсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад автобензин 73 мянган тонноор, дизель түлш 103.6 мянган тонноор их орж ирснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам онцлов.
Улаанбаатар хотод 139 шатахуун түгээх станцад бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн. Харин орон нутагт нийт 70 шатахуун түгээх станцад 169 тонн бүтээгдэхүүн ачигдсан тул орон нутагт хэвийн болох нөхцөл байдал бүрдэж байгааг тодотголоо.
Одоогоор БНХАУ, ОХУ, БНСУ-аас бүтээгдэхүүн авах захиалга баталгаажсан, нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжлэхийг салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэв.
Түүнчлэн онгоцны түлшинд доголдол үүсэх нөхцөл байдал үүссэн тул БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн авчээ. Үүнээс 1000 тонн бүтээгдэхүүн нь буусан, Улаанбаатар хот руу ирж байгааг тодотголоо. Араас нь 2000 тонн дизель түлш болон онгоцны түлш ачигдахад бэлэн болсон байна.