
Зургийг: riotinto.com
“Rio Tinto” сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр ашигтай ажилласан эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. 2026 оны эхний хагас жилд тус групп 6.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөнийг цахим хуудастаа нийтэлжээ.
Дата төвүүдийг дагасан эрчим хүчний эрэлттэй холбоотойгоор тус группийн зэс, хөнгөн цагааны нэгжүүдийн ашиг анх удаа компанийн үндсэн бизнес болох төмрийн хүдрийн ашгийг давсан байна.
Эхний хагас жилд тус групп 442 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь нэг хувиар өссөн дүн болж буй. Үүнд “Оюу Толгой” уурхайн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 31 хувиар өссөн нь голлон нөлөөлж, Кеннекотт болон Эскондида уурхайн үйлдвэрлэлийн бууралтыг үндсэндээ нөхсөн гэж онцолсон байна.
"Оюу Толгой"-ийн үйлдвэрлэл эрчимжихэд далд уурхайн олборлолтын хүчин чадал үргэлжлэн нэмэгдсэн, хүдрийн агуулга сайжирсан зэрэг хүчин зүйлс түлхэц болсныг тодотгожээ.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар "Entrée Resources"-ийн лицензийг шилжүүлэх үйл явцыг “Panel 1” талбайд эхлүүлэхээр тохиролцсон тухай дурдсан байна. Мөн "Panel 1"-ийг үйлдвэрлэлд хамгийн сүүлд орох олборлолтын бүс байхаар төлөвлөсөн ба уурхайн хөгжлийн төлөвлөгөөг үргэлжлүүлэн үнэлж, шаардлагатай тохиолдолд оновчлон сайжруулах ажлыг хийнэ гэдгээ тайландаа мэдээллээ.
Мөн оны эхний хагас жилд “Rio Tinto” группийн эргэлтийн хөрөнгийн гадагшлах урсгал 1.6 тэрбум ам.доллар байсан. Үүнд төмрийн хүдрийн нөөц өссөнөөс гадна хамтарсан төслийн түншүүд болон ажилтнууддаа төлөх төлбөрийн улирлын шинжтэй хэвийн хэлбэлзэл, мөн “Оюу Толгой” ХХК-ийн 443 сая ам.долларын татварын төлбөр нөлөөлснийг тодотгожээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2021 болон 2022 оны татварын жилд гаргасан татварын актыг дагасан шийдвэр ба “Оюу Толгой” дээрх төлбөрийг төлсөн ч маргах эрхээ хадгалсан хэвээр буйг дурдсан байна.
Тус компанийн үзэж буйгаар эдгээр татварын акт нь “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байгаа тул асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн авч буйг 2026 оны эхний хагас жилийн тайландаа мэдээлсэн байна.
Бусад онцлох үзүүлэлтээс харвал энэ оны эхний хагаст “Rio Tinto” 1.68 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэж, 164.5 сая тонн төмрийн хүдэр борлуулжээ.
Саймон Тротт Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээн авсан эхний жилдээ илүү энгийн бөгөөд төвлөрсөн стратеги хэрэгжүүлж эхлээд буй үед цахилгаанжуулалт болон хиймэл оюуны мега трендүүдийн нөлөөгөөр төмрийн хүдэр олборлолтоор тэргүүлэгч “Rio Tinto” одоогоор нийт ашгийнхаа ойролцоогоор 56 хувийг зэс, хөнгөн цагааны бизнесээсээ бүрдүүлж буйг мэдээлэв.
“Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт “Компанийн эхний хагас жилийн гүйцэтгэл чанарын шинэ түвшинд гарлаа. Үүнд түүхий эдийн үнэ өссөн, зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэнээс гадна бизнесийн бүх чиглэлд бүтээмж сайжирсан нь нөлөөлсөн. Манай бүх төрлийн түүхий эдийн суурь эрэлтэд өөрчлөлт гарч байгааг бид харж байна. Дата төвүүд болон эрчим хүчний сүлжээний хуримтлуурын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ нь зэс, литийн эрэлтийг дэмжиж байна” гэж онцолсныг дурджээ.
“Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид арилжааны сүүлийн таван өдөрт 4.38 хувиар, сүүлийн зургаан сард 10 гаруй хувиар эрчимжсэн хөдөлгөөнтэй байна.