
Зургийг: Засгийн газар
Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглал, санхүүгийн сахилга батыг сайжруулж, Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд багцлан 2027 онд багтаан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах зорилт тавьжээ.
Энэ хүрээнд Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг Franklin Templeton-той харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Баримт бичигт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр болон Templeton Asset Management-ийн Гүйцэтгэх захирал, Templeton Global Investments-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Манраж Сехон нар гарын үсэг зурсан байна.
Засгийн газар төрийн өмчит компаниудын шинэчлэлд хамтран ажиллах саналыг олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн 12 байгууллагад хүргүүлснээс Franklin Templeton сонирхлоо илэрхийлжээ. Талууд хамтын ажиллагааны чиглэл, үе шат болон хэрэгжүүлэх замын зургийг тодорхойлохоор ажиллах юм.
Түүнчлэн төрийн өмчийг яаран хувьчлахгүй, харин компаниудыг олон улсын аргачлалаар үнэлж, засаглал, санхүү болон үйл ажиллагааны бэлэн байдлыг нь хангасны дараа хөрөнгийн зах зээлд гаргахаар зорьж байгаа аж.
“2027 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх захирлуудыг чөлөөлж, ТУЗ-ийн шалгуурыг өндөрсгөн мэргэжлийн томилгоо хийнэ. Улстөрчид төрийн өмчит компаниудаас савраа татах цаг болсон” гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.