
Зургийг: Attila Kisbenedek/AFP/Getty Images
(Bloomberg) -- Унгарын шинэ Засгийн газар тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, өмнөх удирдагч Виктор Орбаны үеийн "суртал ухуулгын он жилүүд"-ийг дуусгавар болгож байгаагаа мэдэгджээ.
Мягмар гарагт Унгарын төрийн телевизийн үндсэн сувгийн нэвтрүүлгийг зогсоож, оронд нь үзэгчдээс уучлал гуйсан бичвэрийг эфирээр харуулсан байна. "Төрийн хэвлэл мэдээлэл худал ярих ёсгүй. Олон жилийн турш үүнийг хийсэндээ бид уучлал гуйж байна" хэмээн хар дэвсгэр дээр цагаанаар бичжээ. Мөн телевизийн албан ёсны вебсайт болох hirado.hu хаягийг хааж, дээрхтэй ижил утгатай бичвэр байрлуулжээ.
Дөрөвдүгээр сард Петер Мадьярын удирдсан сөрөг хүчний "Тиса" нам сонгуульд түүхэн ялалт байгуулснаар Ерөнхий сайд асан Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн улс төрийн ноёрхлыг зогсоосон юм. Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээн авсны дараа хийх эхний ажлуудын нэг нь Төрийн өмчит хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд томоохон шинэчлэл хийж, үндэсний радио, телевизийн нэвтрүүлгийг зогсоох явдал болохыг Петер Мадьяр амлаж байв.
Унгарын "Republikon Institute"-ийн хоёрдугаар сард гаргасан судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд үндэсний М1 телевизийн оройн хөтөлбөрөөр гарсан Петер Мадьярын тухай бүх мэдээний 96 хувь нь сөрөг агуулгатай байсан бол Виктор Орбаны тухай мэдээний 95 хувь нь эерэг байсан гэсэн үр дүн гарсан байна.
"Төрийн хэвлэлд одоо бүрэн шинэчлэл хийснээр ирээдүйд бие даасан, үнэн зөв мэдээлэл хүргэдэг болно. Удахгүй уулзацгаая" хэмээн М1 телевизийн эфирээр гаргасан мэдэгдэлд онцолжээ.