logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    SpaceX Nasdaq 100 индекст багтаж, Уолл Стритийн банкнуудын эерэг үнэлгээнд “булагдав”
    Arvelisse Bonilla Ramos
    Subrat Patnaik
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 08 17:48
    229

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- Уолл Стритийн хамгийн том банкнууд SpaceX-ийн түүхэн IPO-оор тус компанийн хувьцааг нэгж бүрийг нь 135 ам.доллароор худалдан авч байлаа. Тэгвэл үүнээс хэдхэн долоо хоногийн дараа тэдгээр банкнуудын шинжээчид SpaceX-ийн хувьцааг нэгж бүр нь дунджаар 236 ам.долларын үнэлгээтэй байх ёстой гэж үзэж байна. 

    Мягмар гарагт Morgan Stanley, JPMorgan Chase & Co., Goldman Sachs Group тэргүүтэй 10-аад банк тус компанийн хувьцааны шинжилгээг албан ёсоор эхлүүлж, “худалдан авах” зөвлөмж өгөөд байна. Банкнууд SpaceX-ийн IPO-д андеррайтераар оролцсон учраас журамд заасан "чимээгүй хугацаа" буюу үнэлгээнд нөлөөлөхүйц мэдээлэл өгөхгүй байх ёстой хугацаа нь дууссаны дараа шинжилгээгээ гаргасан нь энэ аж.

    Дуулиан шуугиантайгаар нээлттэй компани болсны дараа SpaceX-ийн ашигт ажиллагаа, гүйцэтгэл, үнэлгээг тойрсон эргэлзээ оршсон хэвээр байгаа ч компанийн урт хугацааны өсөлтийн потенциалд шинжээчдийн дийлэнх нь итгэлтэй байна. Тухайлбал хамгийн өөдрөг дүгнэлт танилцуулсан Raymond James фирмийн зүгээс “strong buy” зөвлөмж өгсний сацуу хувьцааны зорилтот дээд ханшийг 800 ам.доллароор тогтоосон нь IPO-ийн үнээс нь бараг 500 хувиар дээгүүр ханш юм.

    “Төмөр зам, цахилгаан шугам сүлжээ, интернэт нь эдийн засгийн өмнөх эрин үеүдийг шинээр тодорхойлсны нэгэн адил SpaceX аж үйлдвэрлэлийн хүчин чадлын дараагийн үеийн суурийг тавьж байгаа гэдэгт бид итгэж байна” хэмээн Raymond James-ийн шинжээч Брайан Гесуале онцолжээ.

    Шинжээчдийн тогтоосон зорилтот ханшийн дундаж нь SpaceX-ийн мягмар гарагийн хаалтын ханш болох 149.47 ам.доллароос 58 хувиар өндөр байна. Тухайлбал 300 ам.долларын зорилтот ханш танилцуулсан Morgan Stanley-ийн үзэж байгаагаар хиймэл оюуны салбарт хурдацтай өсөн дэвжиж буй шинэ тоглогчид AI үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж, SpaceX-д томоохон боломж бүрдүүлэх төлөвтэй аж. 

    fdsfsd4vc.jpg

    Өсөлтийн төлөв зонхилов

    Bloomberg-ийн эмхэтгэсэн мэдээллээр АНУ-ын хамгийн том 3,000 компанид өгсөн шинжээчдийн үнэлгээний 63 хувь нь “худалдан авах” зөвлөмж байсан бол ердөө 4.2 хувь нь “зарах” зөвлөмж байжээ.

    Шинжээчид SpaceX-ийн одоогийн алдагдалтай ажиллагааг үл харгалзаж, цаашдын өсөх боломж болон тасралтгүй тэлж буй зах зээлд нь анхаарлаа төвлөрүүлж байна. Тухайлбал компанийн хиймэл оюун болон Starlink-ээс олох ашиг нь пуужингийн бизнесээс олдог ашгийг нь удахгүй давна гэж Bloomberg Intelligence-ийн шинжээчид үзжээ.

    Ашигтай ажиллах хүртлээ олон жил зарцуулсан Tesla компани ч IPO хийснийхээ дараа Уолл Стритээс SpaceX шиг эерэг үнэлгээ авч байгаагүй юм. Хувьцаа нь арилжаалагдаж эхэлсэн эхний жилдээ “худалдан авах” болон “барих” зөвлөмжийн тоо нь бараг тэнцүү байлаа. Бүр 2020 онд “зарах” үнэлгээ нь “худалдаж авах”-аас давж байсан ч үе бий. Гэсэн ч компанийн үнэлгээ хэт өндөр байна гэх шүүмжлэл, гүйцэтгэл ба санхүүгийн үзүүлэлтийг тойрсон эргэлзээг үл харгалзан хувьцааны ханш нь өссөөр байсан юм. 

    Индекст багтав

    Үүнээс гадна SpaceX мягмар гарагт Nasdaq 100 индекст багтлаа. Ингэснээр индекс дагадаг сангууд буюу ETF-үүд компанийн хувьцааг заавал худалдан авч, багцдаа хадгалах шаардлага үүсэх тул үнэлгээнд нь дорвитой дэмжлэг болох төлөвтэй. 

    Мөн биржийн дүрэм өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компани Nasdaq-ийн гол индекст ердөө 15 арилжааны өдрийн дараа орох боломж нээгджээ. Зах зээлийн өндөр үнэлгээтэй, шинээр бүртгүүлсэн компаниудыг өмнө нь дор хаяж гурван сар хүлээлгийн жагсаалтад байлгадаг байсныг шинэ журмаар цуцалсан байна.

    Bloomberg Intelligence-ийн шинжээчийн тооцоолсноор SpaceX Nasdaq 100 болон FTSE Russell индексүүдэд багтсанаар индекс дагадаг сангуудаас дор хаяж 5.4 тэрбум ам.долларын захиалга татах боломжтой аж.

    Түүнчлэн SpaceX гол индексийн сагсанд орсноор ханшийн савлагаа нь буурах давуу тал үүсэхийг New Constructs технологийн судалгааны компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Трэйнер хэлж байна. Хэдий тийм боловч компанийн зах зээлийн үнэлгээ нь одоогийн суурь үзүүлэлтүүдээс зөрүүтэй буюу хэт өндөр түвшинд байгаа учраас хөрөнгө оруулагчдыг болгоомжтой арилжаа хийхийг сануулжээ.

    Cэтгэгдэл бичих