logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ байгаа үед Оюутолгойн санхүүгийн нөхцөл шинэчлэгдэхээр боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 01 09:32
    381

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto групп Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах шинэ санхүүгийн нөхцөл дээр тохиролцлоо. Зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хэлбэлзэж, төслийн өгөөжийн хуваарилалттай холбоотой улс төр, нийгмийн шахалт нэмэгдээд байсан энэ үед талууд сүүлийн хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээг ийнхүү эцэслэв. 

    Тохиролцооны хүрээнд Rio Tinto Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар өмнө нь зөвшөөрөөд байсан бол энэ удаа Монголын талд ногдох олон тэрбум ам.долларын зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулахаар болж байна. Мөн зээлийн хүүгийн нөхцөлийг долоон жил тутамд бус, гурван жил тутамд дахин хянадаг байхаар тохиролцсныг Монголын Засгийн газар мэдээллээ.

    Ерөнхий сайд Н.Учрал хэлэлцээрийг “Монгол Улсад ашигтай хувилбар” гэж тодорхойлж, Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн гэж онцоллоо. Засгийн газрын тооцоолсноор энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой юм.

    viber_image_2026-06-30_18-07-07-041.jpg

    Мөн Засгийн газар өмнө нь Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллароор бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлснээ мэдээлсэн. Ингэснээр нийт хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

    Ногдол ашгийн асуудал хэлэлцээрийн гол сэдэв байлаа. Засгийн газрын мэдээлснээр Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар тохиролцсон бол Rio Tinto-ийн мэдэгдэлд Засгийн газар болон Rio Tinto ногдол ашиг хуваарилах хугацааг урагшлуулахад хамтран ажиллахаар тохиролцсон гэж дурджээ.

    Мөн талууд Онтрэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхээр тохиролцсон байна. Оюутолгойн ордын лицензийн бүтэц, гүний уурхайн өргөтгөл болон ирээдүйн үйлдвэрлэлийн төлөвтэй холбоотой энэ асуудал төслийн урт хугацааны өгөөж, хөрөнгө оруулалтын орчны нэг чухал хэсэг хэвээр байна.

    Rio Tinto-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн зардалтай холбоотой өөрчлөлт нь Rio Tinto Монгол Улсын Засгийн газартай байгуулсан түншлэлдээ тууштай хэвээр байгааг харуулж байгааг тодотгожээ. Түүний хэлснээр тохиролцоо нь Оюутолгойн бүтээн байгуулалтын эрсдэл буурч, уурхай тогтвортой үйл ажиллагааны шатанд шилжиж буйтай холбоотой аж.

    Оюутолгой нь Монгол Улсын уул уурхайн хамгийн том бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын гол жишиг болсон төсөл юм. Оюутолгой ирэх жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа үе шаттай нэмэгдүүлж, жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Зэс нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг эрчим хүчний шилжилтийн гол түүхий эдийн нэг тул дэлхийн зах зээл дэх эрэлт өндөр хэвээр байна.

    Rio Tinto-ийн онцолсноор Оюутолгой төсөлд 17 мянга гаруй монгол мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 2010 оноос хойш Монгол Улсын төсөвт нийт 6.1 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ.

    Гэсэн хэдий ч шинэ тохиролцоо нь төслийн эргэн тойрон дахь улс төр, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бүрэн арилгана гэж үзэхэд хэтэрхий эрт байна.  Хэлэлцээр нь Rio Tinto-ийн хувьд “нийт дүнгээрээ дөнгөж эерэг” боловч Монголын улс төрийн нөхцөл хурдан өөрчлөгддөг тул Засгийн газар цаашид төслийн эдийн засгийн өгөөжөөс илүү том хувь хүртэхээр дахин шахалт үзүүлэх эрсдэл хэвээр гэж RBC-ийн шинжээч Бэн Дэвис Financial Times-т ярьжээ.

    Хэлэлцээр нь Монгол Улс “санхүүгийн тусгаар тогтнолоо хамгаалахын зэрэгцээ дэлхийн хөрөнгөд өндөр өгөөжтэй орчин бүрдүүлж чадна гэдгийг харууллаа" хэмээн Ерөнхий сайд Н.Учрал тодотгож байв. Харин Rio Tinto-ийн хувьд зэсийн үнэ өндөр, Оюутолгой үйлдвэрлэлийн тогтвортой шатанд шилжиж буй энэ үед Монголын Засгийн газартай харилцаагаа тогтворжуулах нь төслийн урт хугацааны үнэ цэнийг хамгаалах чухал алхам болж байна.

    Cэтгэгдэл бичих