
(Bloomberg) -- БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх чадвараа хадгалахад амин чухал гэж үзэж буй дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа. Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон буюу 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон байна.
Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны удирдсан арга хэмжээний үеэр Samsung, SK групп нийт 800 их наяд гаруй воны хөрөнгө оруулалтаар БНСУ-ын баруун өмнөд бүсэд чипийн хоёр том үйлдвэр барих төлөвлөгөө танилцуулжээ. Мөн Naver Corp. зэрэг бусад компани 550 их наяд воны хөрөнгө оруулалтаар 2029 он гэхэд 8.4 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюуны дата төвийн дэд бүтэц байгуулахаа зарласан байна.
Хамтарсан мэдэгдлийн үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён Samsung, SK Hynix компанийн удирдлагуудыг "үндэсний баатрууд" хэмээн магтаж, мөн чип үйлдвэрлэлд давамгайллаа хадгалахын тулд тус улс олон улсын өрсөлдөгчдөөсөө өрсөж хөдлөх ёстойг чухалчилжээ. "Нүд ирмэхийн зуур дараагийн хуудас руу шилждэг эрин үе рүү бид орж байна. Энэ нөхцөлд амьд үлдэх ганц арга зам бол хурд" хэмээсэн байна.
Технологийн энэхүү нүсэр хөрөнгө оруулалт нь БНСУ хиймэл оюуны салшгүй хэсэг болох санах ойн чипийн салбарт ноёрхлоо хадгалах, үндэсний аюулгүй байдлаа урт хугацаанд баталгаажуулахаар яаравчилж буйн илрэл боллоо. Хэрэв хэрэгжилт нь тогтвортой байвал уг хөрөнгө оруулалт БНСУ-ын эдийн засагт дорвитой дэмжлэг болох юм. 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь БНСУ-ын 2024 оны ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцэхийг Дэлхийн Банкны статистик харуулж байна.
БНСУ-ын Засгийн газар хөнгөлөлт урамшуулал, бодлогын дэмжлэгээр дамжуулан хувийн хэвшлийнхээ хүчийг нэгтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Шинэ төлөвлөгөөнд ЗГ ус, эрчим хүчний хэрэгцээг нь шийдэх замаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжихээ мэдэгджээ.