logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ эрчим хүчний 5 жилийн төлөвлөгөөндөө нүүрсний хэрэглээг өсгөх орон зай гаргалаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 29 16:05
    341

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ эрчим хүчний тогтвортой байдлын ач холбогдлыг уур амьсгалын зорилтоос тэргүүнд тавьж, ирэх жилүүдэд нүүрсний хэрэглээгээ өсгөх орон зай гаргажээ.

    “Бид эрчим хүчний аюулгүй байдлыг ямагт нэгдүгээрт авч үзэх болно” хэмээн БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газрын дарга Ван Хунжи өнгөрсөн баасан гарагт тус улсын эрчим хүчний салбарын таван жилийн төлөвлөгөөг танилцуулахдаа онцолсон байна. Мөн уг стратегийн ачаар Ираны дайнаас шалтгаалсан нийлүүлэлтийн шокийг Хятад улс амжилттай даван гарсныг тэрбээр нэмж дурджээ.

    Шинэ төлөвлөгөөнд нүүрс нь эрчим хүчний тогтолцооны нөөц түшиц болох үүргийг бэхжүүлэхээр тусгасан байна. Үүнд үйлдвэрлэлийн одоогийн таван төвийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, төвийн болон зүүн бүсэд олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжоор хангах зэрэг багтжээ. Түүнчлэн нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарын цаашдын өсөлтийг дэмжих байр суурь илэрхийлжээ.

    2021-2022 онд цахилгаан эрчим хүчний дараалсан ноцтой хомсдол үүссэний дараа БНХАУ-д нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төслүүдийн бүтээн байгуулалт эрс эрчимжсэн юм. Тухайн үед Бээжин жигд бус ажиллагаатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг найдвартай орлох үүрэг нүүрсний цахилгаа станцуудад оногдохыг бататгаж байлаа. Өнгөрсөн онд БНХАУ дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлаа 95 гигаваттаар нэмэгдүүлсэн нь 2008 оноос хойших дээд үзүүлэлт болжээ. Үүгээр зогсохгүй 2026 оны эхний улиралд зөвшөөрөл хүссэн дулааны цахилгаан станцын шинэ төслүүдийн тоо өмнөх оны мөн үеийн эрчийг хэдийнээ даваад байна. 

    Үүний зэрэгцээ БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбар сүүлийн жилүүдэд мөн адил эрчтэй тэлсэн нь уул уурхайн салбарынхан нүүрсний эрэлтийг хангах шинэ эх үүсвэр хөгжүүлэхээр эрх баригчдад нөлөөлсөнтэй холбоотой. Мөн Ираны дайн нафта, шингэрүүлсэн хийн түлш зэрэг нүүрс-химийн гол түлшний үнийг өсгөсөн нь тус салбар дахь нүүрсний ач холбогдлыг улам нэмжээ.

    Зөөлөн зорилт

    Шинэ төлөвлөгөөнд тус улс чулуужмал түлшний хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавьсан ч шинжээчид үүнийг харьцангуй сул гэж үзэж байна. Тодруулбал: ялгаруулалтад хатуу дээд хязгаар тогтоохоос илүүтэй цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд ахиц гаргахад төвлөрөх чиг хандлагаа үргэлжлүүлэх төлөвтэй гэж үзжээ. 

    Өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан БНХАУ-ын ерөнхий таван жилийн төлөвлөгөөнд нүүрсний хэрэглээг оргил түвшинд хүргэх зорилт багтаасныг шинэ замын зураглалд дахин бататгажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний тодорхойлсон нүүрсний хэрэглээг шууд бууруулж эхлэх зорилтыг зөөллөж, оргил түвшинд буюу дахиж өсөхөөргүй түвшинд хүргэхээр тусгасан байна. 

    Өргөн хүрээнд харвал нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эцэстээ ялгарлыг саармагжуулахад БНХАУ-ын урт хугацааны зорилт төвлөрөх ч уг шилжилт удаан, тогтвортой явагдана гэсэн дохиог албаныхан өгч байна.

    Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн тооцоолсноор тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 50 хувийг цэвэр эрчим хүчээр хангах зорилт тавьсан нь нөгөө талдаа ирэх таван жилийн хугацаанд чулуужсан түлшээр цахилгааны хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх орон зай гаргаж өгч байгаа аж.

    Cэтгэгдэл бичих