
Зургийг: Монгол Улсын Засгийн газар
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзах үедээ 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцсоноо мэдээллээ.
Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төсөл БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2019 онд эхэлсэн ч гүйцэтгэгч компани нь дампуурч, төсөл гацжээ. Нийт төслийн гүйцэтгэл дунджаар 40 гаруй хувьтай байгааг Эрчим хүчний яам мэдээлж байсан юм.
Үүнээс гадна БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, банк санхүү, эрүүл мэнд, цахим шилжилтийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцсон байна.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсад гадаадын банк байгуулах боломж бүрдэнэ. Ингэснээр Какао банкнаас эхлээд БНСУ-ын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтойг Ерөнхий сайд тодотгожээ.
Үүнээс гадна Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давосын үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдтай уулзсан байна.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.доллар хүргэх зорилтод хүрэхийн тулд тээвэр, логистикийн бэрхшээлийг бууруулах нь чухал ач холбогдолтой. Иймд Монгол болон Казахстан улсыг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч буйгаа Ерөнхий сайд тодотголоо.
Мөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, Казахстан улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг талууд онцолжээ.