
Зургийг: С.Батсайхан
Ипотекийн зээлийн хүүг 8-14 хувиар шаталсан байдлаар санал болгохоор хуулийн төсөлд тусгасныг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Ипотекийн зээлийн эх үүсвэрээр зөвхөн зургаан хувийн хүүтэй зээл олгож байгаагаас зээлд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийн дараалал 4-5 жилээр хүлээгдэх нөхцөл үүссэн. Үүнээс шалтгаалж иргэд арилжааны банкны 18-аас дээш хувийн хүүтэй энгийн орон сууцны зээлд хамрагдахаас өөр сонголтгүй болж байгаа. Иймд олон шатлалт хүү бүхий зээлийн олон төрөлт бүтээгдэхүүн санал болгох шаардлага үүссэнийг тодотголоо.
УИХ-д өргөн бариад буй Орон сууцжуулалтын тухай болон орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах хуулийн төслүүд нь орон сууцын эрэлт, нийлүүлэлтийг зэрэг дэмжихэд чиглэсэн. Ингэснээр орон сууцын үнийн өсөлтөөс сэргийлэх юм.
Эдгээр хууль батлагдаж, орон сууцын санхүүжилтийн төрөлжсөн банкаар дамжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр зээлд хамрагдах хүлээлгийн хугацаа 1-2 жил болж багасах боломж бүрдэхийг салбарын сайд тодотгож байна.