
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 сая төгрөг байгаа бол голч цалин 2.5 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 хувиар нэмэгдсэн байна.
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 5.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 84.4 хувиар өндөр байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.8 хувиар бага үзүүлэлт юм.
Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.2 сая гаруй хүн ам байгаагаас I улирлын байдлаар 850.8 мянган ажиллагч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөөс 34.1 хувь нь 1.5-3 сая төгрөгийн цалинтай ажиллагчид эзэлснийг Үндэсний статистикийн хорооны тайлан харуулж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын 12.5 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 792 мянган төгрөг хүртэлх цалинтай байна.
Засгийн газар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн бодит орлогыг дэмжих чиглэлд 792 мянган төгрөг хүртэлх цалингаас ХХОАТ суутгахгүй, харин 792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад буй. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 850 мянга гаруй ажиллагчийн 300 мянга гаруй нь тус хөнгөлөлтөд хамрагдахаар байна. Хуулийн төслүүдийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж, 2027-2028 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаа юм.