logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ДЭЗФ: Эрчим хүчний шилжилтийн индексэд Монгол Улс 120 улсаас 116 дугаарт эрэмбэлэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 22 11:05
    319

    Зургийг: weforum.org

    Олон улсын дундаж 57.3 оноо байсан бол Монгол Улс 45.3 оноо авч Азийн хөгжиж буй зах зээл дундаа сүүл мушгив

    2026 оны эрчим хүчний шилжилтийн индексэд Монгол Улс 120 улс орноос 116 дугаарт  бичигдсэнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын шинэ тайлангаас харж болохоор байна. Монгол Улс индексийн үнэлгээний дундаж оноо болох 57.3-аас 45.3 оноог авснаар энэхүү судалгаанд хамруулсан Азийн хөгжиж буй зах зээл дундаа сүүл мушгилаа.

    Улс орнуудын эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт эрчим хүчний үнийн боломжит байдлын үзүүлэлт шиг эрчимжээгүй ч илүү олон улсад сайжирсан дүр зураг ажиглагдсан буюу нийт эдийн засгуудын бараг дөрөвний гурав нь энэ үзүүлэлтээр ахиц гаргасан байна. Хэдий тийм боловч эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт өмнөх оноос Чилид 18.8 хувь, Монголд 7.9 хувь, Азербайжанд 5.6 хувиар мэдэгдэхүйц буурсан нь  ахиц дэвшил улс орнуудад жигд бус байгааг харуулж буйг тодотголоо.

    Эдгээр үр дүнгээс харахад эрчим хүчний хүртээмж нэмэгдэж, үнэ нь боломжийн болсон ч энэ нь эдийн засгийн илүү хүчтэй үр дүнд автоматаар хүргэхгүй байна гэж Дэлхийн Эдийн Засгийн Форум тайландаа онцолсон байна.

    Өөрөөр хэлбэл эрчим хүчний системийн үзүүлэлт сайжирсан ч тэрхүү ахиц нь бизнесийн идэвхжил, ажлын байр, иргэдийн орлого зэрэг эдийн засгийн өргөн хүрээний хүртээмжтэй өсөлтөд бүрэн шилжиж чадахгүй байна гэж дүгнэлээ. 

    2025 онд Монгол Улс Эрчим хүчний шилжилтийн индексэд 118 орноос 115 дугаарт бичигдэж байсан юм.

    DAVOS-ERCHIM-HUCH-NEWSLETTER.jpg

    Үүнээс гадна 2025 онд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 3.3 их наяд ам.доллар хүрч, дээд түвшинд хүрсэн ч эрчим хүчний шилжилтэд бэлэн байдлын үзүүлэлт сүүлийн 10 гаруй жилд анх удаа буурсныг Дэлхийн Эдийн Засгийн Форум шинэ судалгаандаа онцоллоо. Мөн дээрх үзүүлэлтийн ахиц дэвшил бүс нутгуудад улам жигд бус болж буйг тодотгосон байна.

    Түүнчлэн 2500 гВт-аас давсан цэвэр эрчим хүчний төслүүд цахилгаан сүлжээнд холбогдох дараалалд гацсан хэвээр буйг онцолжээ. Энэ нь технологи байхгүйгээс бус харин шингээх дэд бүтэц, засаглалын чадавх хангалттай хурдтай хөгжихгүй байгаатай холбоотойг дурдсан байна.

    Цаашдаа эрчим хүчний найдвартай байдлаа сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, түлш, цахилгаан сүлжээ, ашигт малтмал болон дэд бүтцийн түвшинд тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлж чадсан улс орнууд хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд илүү давуу байр суурьтай байна гэж Дэлхийн Эдийн Засгийн Форум дүгнэсэн байна.

    Үүнээс гадна АНУ-Ираны хэлэлцээрийн нарийн ширийн зүйлс тодорхой болохоос хамааран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр аажмаар сэргэж болзошгүй байна. Тус усан зам хоёрдугаар сард хаагдахад дэлхийн далайгаар тээвэрлэгддэг газрын тосны ойролцоогоор 25 хувь зах зээлээс тасарч, шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болгосон юм.

    Өдгөө эрчим хүчний аюулгүй байдал нь зөвхөн түлшний нийлүүлэлтийн асуудал байхаа больж, цахилгаан сүлжээ, чухал ашигт малтмал, биет дэд бүтцийг хамрах болжээ. Үүний зэрэгцээ стратегийн болон эдийн засгийн давуу тал, мөн зөрчилдөөний эх үүсвэр болж байна.

    Дэлхий нийт цэвэр эрчим хүчийг түүхэн дээд хурдаар нэмсээр буй ч энэхүү ахиц дэвшлийг боломжтой болгодог суурь нөхцөлүүд болох санхүүжилт, бодлого, цахилгаан сүлжээ зэрэг нь чимээгүйхэн суларч буйг Дэлхийн Эдийн Засгийн Форум эрчим хүчний шилжилтийн 2026 оны тайландаа онцолжээ. 

    Cэтгэгдэл бичих