
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2026 онд бодлогын хүүгээ бууруулахааргүй төлөвтэй болсноор “Goldman Sachs” банк энэ оны эцсийн алтны ханшийн төсөөллөө унц тутамд 500 ам.доллароор буурууллаа.
Шинэчилсэн таамгаар алтны үнэ 12 дугаар сард унц нь 4900 ам.доллар хүрэхээр байгааг шинжээч Лина Томас, Даан Стрюйвен нар тайландаа дурджээ. Энэ нь шар металлын ханш оны хоёрдугаар хагаст өсөх хүлээлт хэвээр ч эрч нь өмнөхөө гүйцэхгүйг илэрхийлсэн дохио болж байна.
“Алтны үнийн төсөөллийн суурь чиг баримжаа бүтцийн хувьд эерэг хэвээр байгаа ч богино хугацаандаа хянуур хандахаар байна. Ойрын хугацаанд буурах эрсдэл, дунд хугацаанд өсөх боломж давамгайлж байна” хэмээн шинжээчид онцолжээ.
“Wall Street”-ийн гол тоглогчдын нэг “Goldman Sachs” сүүлийн жилүүдэд алтны ханшийн төлөвт тогтмол өөдрөг байр суурь баримталж ирсэн юм. Тухайлбал: 2024 оны сүүлээр хөрөнгө оруулагчдад “алт руу орох”-ыг зөвлөж, үнийн огцом өсөлтийг нь зөв таамаглаж байлаа. Харин шинэчилсэн төсөөлөл нь “Goldman Sachs”-ийн мессеж ялимгүй өөрчлөгдсөнийг харууллаа.
Ойрх Дорнодын дайн эрчим хүчний бүтээгдэхүүний үнээр дамжин инфляцыг хөөргөдөж, мөнгөний бодлого чангарах хүлээлт нэмэгдсэнээр сүүлийн саруудад алтны үнийг доош чангаах хүчин зүйлс олшроод буй. Мөн Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүн Кевин Уорш үнийн тогтвортой байдлыг сэргээхэд чиглэсэн бодлого баримталснаа онцолсон юм.
АНУ-д бодлогын хүү дахин буурах хүлээлт ирэх оны дунд үе рүү хойшилж, улмаар алт дагадаг биржээр арилжаалагддаг сангуудад орох урсгал татрах магадлалд үндэслэн алтны үнийн төсөөллөө бууруулснаа “Goldman Sachs-“ийн шинжээчид тайлбарлажээ. Мөн хэрэв Холбооны Нөөцийн банк эсрэгээрээ хүүгээ өсгөвөл алтны эрэлт улам суларч, оны эцсээр 4400 ам.доллар болох магадлалтай гэж үзсэн байна.
Хэдий тийм боловч ханшийг дэмжих зарим хүчин зүйл хэвээр байгааг сануулжээ. Тухайлбал: Төв банкнуудын алт худалдан авалт энэ онд сар бүр 50 тонн, ирэх онд сар бүр 40 тонн орчим байх төлөвтэй аж. Алтны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан бууралттай байж, баасан гарагийн байдлаар унц нь 4160 ам.доллар орчимд арилжаалагдаж байв.