logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ОХУ-ын Украинд хийж буй дайны өртөг төсвөөс хэтэрч, Засгийн газрынх нь өр хуримтлагдсаар байна
    Bloomberg News
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 19 14:42
    658

    Зургийг: Dmytro Smolienko/NurPhoto/AP Photo

    (Bloomberg) -- ОХУ-ын Засгийн газрын өр “Их 20”-ийн орнууд дундаа хамгийн бага түвшинд байдаг нь эдийн засгийнх нь гол давуу тал хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тогтмол онцолдог. Харин Украин дахь дайн энэ байдлыг өөрчилж эхэлжээ.

    Олон улсын хориг арга хэмжээний улмаас гадаад санхүүжилтийн эх үүсвэрүүд үндсэндээ хаагдсан тул Кремль дайны зардлаа санхүүжүүлэхийн тулд өндөр өртөгтэй дотоодын зээлээс улам бүр хамааралтай болж байна. "Bloomberg Economics"-ийн тооцоогоор ирэх 10 жилд ОХУ дотоодын бондын хүүгийн төлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дор хаяж 15 хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргахаар байна. Энэ нь тус улсын нийт өрийн хэмжээтэй бараг дүйцэх дүн юм.

    Дайны үеийн эдийн засаг нэмэлт санхүүжилт шаардаж байгаа тул энэ онд дотоод зах зээлд гаргах бондын хэмжээ нь өсөх төлөвтэй. 2026 оны батлан хамгаалахын зардал анх баталсан төсвөөс 4-5 их наяд рубль буюу 55-69 тэрбум ам.доллароор хэтэрч болзошгүй аж. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс бараг 40 хувиар давсан дүн юм.

    Төсвийн тухай хуулиар ОХУ-ын Засгийн газар зардлаа санхүүжүүлэхийн тулд дотоод зах зээлээсээ дөрвөн их наяд гаруй рубль татахаар төлөвлөсөн бол өрийн дээд хязгаарыг 37.4 их наяд рубль гэж тогтоосон байна.

    Гэвч оны эхний таван сарын байдлаар төсвийн алдагдал зургаан их наяд рубль буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьд хүрч, 2026 оны бүтэн жилийн зорилтот түвшнээс ойролцоогоор 60 хувиар даваад буйг эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр Засгийн газрын өр энэ оны тааздаа аль хэдийн тулсан байна.

    ОХУ-ын Сангийн яам хуримтлуулсан нөөц хөрөнгөө ашиглах, бусад зардлыг танах замаар алдагдлыг бууруулахыг зорьж буй ч тус улсын Засгийн газар энэ онд нэмэлтээр 2-3 их наяд рублийг зээлээр татах шаардлагатай хэвээр байна гэж тодотгожээ.

    458638350.jpg

    Үүнээс гадна ОХУ-ын инфляц саарч байгаатай холбоотойгоор тус улсын Төв банк бодлогын хүүгээ ес дэх удаагаа дараалан бууруулах хүлээлттэй байна. Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэй дам нөлөө Кремлийн талд ашигтайгаар үйлчилсэн нь үүнд тодорхой хэмжээнд нөлөөлжээ.

    "Bloomberg"-ийн судалгаанд оролцсон 11 эдийн засагчийн 10 нь ОХУ-ын Төв банк баасан гарагт жишиг хүүгээ 50 суурь нэгжээр бууруулж, 14 хувь болгоно гэж таамагласан бол зөвхөн нэг нь хүүг хэвээр үлдээнэ гэж үзсэн байна.

    Кремль Украин дахь дайнд их хэмжээний зардал гаргасаар байгаа бол Эдийн засгийн яам нь өнгөрсөн сард 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.3 хувиас 0.4 хувь болгон бууруулжээ.

    Хэрэглээний үнийн өсөлт тавдугаар сард 5.3 хувь болж саарсан нь сүүлийн гурван жилийн хамгийн сул үзүүлэлт боллоо.

    Cэтгэгдэл бичих