
Зургийг: Raul Ariano/Bloomberg
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр жил дараалан байр ухарч, дэлхийн 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Мөчлөг дагасан эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил, экспортын хэт төвлөрлөөсөө шалтгаалан Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын эрэмбийн сүүл хэсэгт гацсан хэвээр байна.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д энэ онд нийт 70 улс хамрагдсанаас Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвдүгээрт бичигдэж, Ботсвана, Нигери, Намиби, Венесуэлтэй хамт хамгийн тааруу үзүүлэлттэй таван улсын нэг болжээ.
Монгол Улс 2015 онд уг тайланд анх тогтмол эрэмбэлэгдэж эхлэхдээ 57 дугаарт бичигдэж байсан бол 2016 оноос хойш 60-62 дугаар байр орчимд хэлбэлзэж иржээ. Харин 2025 онд 65, 2026 онд 67 дугаар байр руу ухарсан нь өрсөлдөх чадвараар сүүлийн жилүүдэд улам доройтсоор буйн илрэл болж байна.
Тайланд нийт 341 үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгээр үнэлж, улсуудыг эрэмбэлдэг. Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдсан бөгөөд геополитикийн эрсдэл нэмэгдэж буй орчинд хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадамжтай, засаглал нь найдвартай улс орнууд өрсөлдөх чадвараар илүү давуу болж буйг онцолжээ.
Уг дүгнэлт нь Монголын нөхцөл байдалд улам илэрхий нийцэж байна. Өргөн уудам газар нутаг, ашигт малтмалын арвин нөөц, залуу хүн ам зэрэг давуу талууд байгаа ч тэдгээрийг эдийн засгийн өрсөлдөх давуу тал болгох институц, дэд бүтэц, хүний капиталын суурь хангалтгүй хэвээр байгааг тайлан харууллаа.
Тухайлбал эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр Монгол Улс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэр дундаа эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварын үзүүлэлтээр 70 улсаас хамгийн сүүлд жагссан байна. Экспортын орлого ихэвчлэн уул уурхай, тэр дундаа БНХАУ-ын эрэлтээс хамаардаг учраас гадаад шок, хил боомтын саатал, түүхий эдийн үнийн савлагаа, хөрш орны бодлогын өөрчлөлт зэрэг нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Засаглалын үр ашиг өмнөх оноос хоёр байр ухарч 63 дугаарт бичигдэв. Институтийн тогтолцоо, бизнесийн эрх зүйн орчин, төрийн санхүүгийн менежментийн сул байдал уг үзүүлэлтийг доош татсан байна. Хөрөнгө оруулагчдын хувьд татварын хувь хэмжээ, зах зээлийн боломжоос илүүтэйгээр бодлогын тогтвортой байдал, хуулийн жигд хэрэгжилт, төрийн шийдвэрийг урьдчилан таамаглах боломжтой байдал илүү чухал гэдэг суурь асуудал энд дахин хөндөгдөж байна.
Харин бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар гурван байр урагшилж 62 дугаарт орсон нь дөрвөн үндсэн бүлгээс цорын ганц сайжирсан үзүүлэлт байв. Хөдөлмөрийн зардал бага, хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан зэрэг нь эерэг нөлөө үзүүлжээ.
Гэхдээ үүнээс илүү анхаарал татах үзүүлэлт нь хүний капиталтай холбоотой. Монгол Улс чадварлаг удирдах ажилтан, мэргэшсэн ажиллах хүч, чадварлаг инженерүүдийн үзүүлэлтээр тус бүр 70 дугаарт буюу хамгийн сүүлд бичигджээ. Энэ нь уул уурхайн олборлолтоос илүү нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл, ложистик, технологи, санхүү, мэргэжлийн үйлчилгээний салбар руу тэлэх зорилтод томоохон анхааруулга болж байна.
Дэд бүтэц өмнөх оны адил 66 дугаарт эрэмбэлэгдэж, Монгол Улсын хамгийн сул цэгүүдийн нэг хэвээр үлдлээ. Технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байгаа гэж тайланд дурджээ. Мөн эрчим хүчний хэрэглээ, нүүрсхүчлийн хийн ялгарлын нягтшил зэрэг үзүүлэлтээр Монгол Улс хамгийн сүүлд бичигджээ.
Гэхдээ Монгол Улс боломжоо бүрэн алдаагүйг батлах сайн үзүүлэлтүүд байсаар байна. Тухайлбал Чөлөөт сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын шалгуурт нэгдүгээрт, ажилгүйдлийн түвшний хүйсийн харьцаагаар гуравдугаарт, хүнсний хаягдал болон боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр дөрөвдүгээрт, хүн амын өсөлт болон үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын эзлэх хувиар тавдугаарт эрэмбэлэгджээ.
Мөн нэг сурагчид ногдох улсын боловсролын зардал 745-аас 2290 болж гурав дахин өссөн, дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.4 хувиас 62.3 хувь болж нэмэгдсэн, үйлчилгээний экспорт 1.56 тэрбум ам.доллароос 1.98 тэрбум ам.доллар болж өссөн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна.
Айсуй сорилтууд
Тайланд Монгол Улсад 2026 онд тулгарч болох таван гол сорилтыг нэрлэсэн. Үүнд:
- Бодлогын тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдал төрд итгэх итгэлийг сулруулах;
- Инфляц болон улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөг төсөв, өрхийн худалдан авах чадварт дарамт учруулах;
- Ур чадвартай ажиллах хүчний хомсдол, бүтээмжийн зөрүү зонхилох салбаруудад хүн хүчний дутагдал үүсгэх;
- Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол, санхүүжилтийн хязгаарлагдмал боломж эдийн засгийн төрөлжилтийг сааруулах;
- Дэд бүтэц, ложистикийн бэрхшээл өртөг нэмэгдүүлж, экспортыг хязгаарлах эрсдэлүүд багтаж байна.
2026 оны тайлангийн бусад онцлох үр дүнгээс дурдвал Сингапур дэлхийд өрсөлдөх чадвараар дахин тэргүүлж, Хонконг, Швейцар, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират улсууд эхний тавд багтжээ. Харин Монголын худалдааны гол түнш БНХАУ бизнесийн үр ашиг болон татварын бодлогын үзүүлэлтүүд сайжирснаар 16 дугаар байраас 12 дугаар байр руу дэвшсэн байна.