
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдэлд бүтцийн өөрчлөлт хийж, 14 компанийг татан буулгахаар шийдвэрлэлээ.
Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 260 орон тооны давхардлыг арилгаж, 67.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс үзэж байна.
Тодруулбал, “Чингис хаан Үндэсний баялгийн сан” болон “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэжээ. Харин “Хөтөл Энержи Дулаан” ХХК-ийг “Цемент Шохой” ХХК-д, “Шивээ Сервис” ХХК-ийг “Шивээ Овоо” ХХК-д нэгтгэсэн болохыг Засгийн газраас мэдээллээ. Мөн “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан Стийп”, “Багануур-Илч” зэрэг компанийг татан буулгасан байна.
Засгийн газар “Эрдэнэс Монгол” нэгдлийг уул уурхайн урсгал үйлдвэрлэл, үйл ажиллагаа удирддаг өнөөгийн бүтцээс чөлөөлж, хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO, хувьчлал хариуцсан мэргэжлийн холдинг компани болгон өөрчлөх шийдвэр гаргаад буй. Хөрөнгийн удирдлагын компани болсноор Төрийн өмчит компаниудад бодлогын зөвлөмж өгөхөөс гадна иргэдийн нэрийн дансанд байгаа мөнгийг арвижуулах ажлыг хийх юм.