
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Японы худалдааны тэнцэл дөрвөн сарын дараа анх удаа алдагдалтай гарлаа. Үүнд чип болон бусад электрон бүрэлдэхүүн хэсгийн импорт огцом өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэдийгээр импортын биет хэмжээ буурсан ч иений ханш сул байсан нь импортын үнийн дүн өсөхөд нөлөөлсөн байна.
Японы Сангийн яамны лхагва гарагт мэдээлснээр тавдугаар сард тус улсын худалдааны тэнцэл улирлын нөлөөг засварлаагүй дүнгээр 378.6 тэрбум иен буюу 2.36 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Гэхдээ энэ нь 547.6 тэрбум иений алдагдал хүлээнэ гэсэн шинжээчдийн төсөөллөөс 30 гаруй хувиар бага дүн болов.
Тавдугаар сард Японы импортын үнийн дүн өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн бол экспорт 17 хувиар нэмэгдсэн байна. Худалдааны алдагдал нь хоёрдугаар улиралд Японы эдийн засгийн өсөлтөд гадаад худалдаа сөргөөр нөлөөлж болзошгүйг харуулж байна.
Эдийн засагчид Иран дахь дайны нөлөөгөөр энэ улиралд Японы ДНБ-ий өсөлт удааширна гэж таамаглаж буй. Энэ нь инфляцыг хязгаарлахын зэрэгцээ эдийн засгийг хэт хумихгүйгээр бодлогын хүүгээ цаашид нэмэгдүүлэх дохио өгөөд буй Японы төв банкны бодлого тодорхойлогчдод төвөгтэй нөхцөл үүсгэж байна.
Мягмар гарагт Японы төв банк бодлогын хүүгээ өсгөж, 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн. Мөн цаашид ч хүү нэмэх боломжтойг мэдэгдсэн нь он дуусахаас өмнө дахин хүү өсгөх магадлалын талаарх таамгийг нэмэгдүүлээд байна.