
Зургийг: Nelson Ching/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын нүүрс олборлолтоор тэргүүлэгч бүс нутгуудын нэг Өвөр Монголын Өөртөө засах орон химийн үйлдвэрлэл дэх нүүрсний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Ираны дайн газрын тосны үнийг өсгөсөн нь тус улсын нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлээд байгаа аж. Тиймээс орон нутгийн удирдлагууд уг салбарыг БНХАУ-ын эрчим хүчний бие даасан байдлыг хангах чухал чиглэл хэмээн онцолжээ.
“Нүүрсэнд суурилсан химийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь дотоодын газрын тос, байгалийн хийн өөрийгөө хангах түвшнийг сайжруулж, аж үйлдвэрийн түвшинд эрчим хүчний аюулгүй байдлын сорилтыг бууруулахад дэмжлэг болно. Ингэснээр импортын газрын тос, байгалийн хийн хамаарал багасна” гэж ӨМӨЗО-ы Засгийн газрын Гүйцэтгэх дэд дарга Хуан Жичян Хөххотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг болох Ордос хотод нүүрсийг хуванцрын үйлдвэрлэлийн суурь түүхий эд болох олефин, мөн тос, хий хэлбэрийн түлш болгон боловсруулдаг. Өнгөрсөн онд ашиглалтад орсон, жилд гурван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Баофэнгийн олефины үйлдвэр нь БНХАУ-даа хамгийн томд тооцогддог байна. Мөн дахин хэд хэдэн томоохон олефины үйлдвэрийн бүтээн байгуулалт Өвөр Монголд үргэлжилж байгаа аж.
Ираны дайн энэ салбарын тэлэлтийн шинэ хөшүүрэг болсон бөгөөд Bloomberg Intelligence-ийн тооцоогоор Хятадын нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбар дахь нүүрсний хэрэглээ энэ онд 20 хүртэлх хувиар өсөх боломжтой байна.
Нүүрс-химийн салбар нь хэдий БНХАУ-ын эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх ч уур амьсгалын зорилтуудад нь сөрөг нөлөөтэй аж. Сүүлийн жилүүдэд тус салбарын тэлэлтийг даган нүүрстөрөгчийн ялгарал нь хурдтай нэмэгдсэн бөгөөд зөвхөн 2025 онд 12 хувиар өссөнийг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв мэдээлжээ.
Гэсэн хэдий ч ӨМӨЗО нь Хятадын цэвэр эрчим хүчний түүчээлэгч болж, өнгөрсөн онд салхины эх үүсгүүрийн эрчим хүч үйлдвэрлэл болон ногоон технологийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 175 ГВт давсан нь Хятадын нийт үзүүлэлтийн 9 хувийг хангах хэмжээ аж.
Шугам сүлжээний хүчин чадлын хязгаарлалт, дотоодын бага эрэлтээс улбаалж Өвөр Монголд СЭХ-ний үйлдвэрлэл заримдаа хэтрэх тохиолдол байдаг аж. Тиймээс дата төв, хиймэл оюуны тэсрэлтийг эрчим хүчээр хангахад энэхүү нөөцөө ашиглахаар зорьж байгаагаа ӨМӨЗО-ы удирдлагууд онцолжээ.