
Зургийг: Miguel J. Rodriguez Carrillo/AFP/Getty Images
(Bloomberg) -- SpaceX компанийн хувьцааны ханш гурав дахь өдрөө дараалан өссөнөөр зах зээлийн үнэлгээгээр Amazon.com компанийг гүйцлээ. Ингэснээр SpaceX дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эрэмбэд тавдугаарт жагсаж эхэллээ.
Мягмар гарагт хувьцааны ханш нь 4.8 хувийн өсөлттэй хаагдаж, үнэлгээ нь 2.6 их наяд ам.доллар хүрснээр Amazon-ий үнэлгээнээс 8 тэрбум ам.доллароор давжээ.
IPO-оор 135 ам.доллароор санал болгож байсан SpaceX-ийн нэгж хувьцааны ханш түүнээс хойш 49 хувиар өсөөд байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд эрэлт тогтвортой, зах зээлд тус IPO-г шингээх орон зай дутагдахтай холбоотой болгоомжлол бага байгааг харуулж байна.
Үүнээс гадна даваа гарагт Нью-Йоркийн биржийн арилжаа хаагдахад дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө нийт 336 тэрбум ам.доллароор өссөн нь Bloomberg-ийн тэрбумтнуудын индекст бүртгэгдсэн нэг өдрийн доторх хамгийн огцом өсөлт болжээ. Тэр дундаа SpaceX-ийн IPO-оор дэлхийн анхны их наядтан болсон Илон Маскийн хөрөнгө 10 гаруй хувиар өсөж, 1.27 их наяд ам.доллар хүрснээр бусдаасаа хол тэргүүлж байна.
Хэдийгээр дэлхийн манлай компаниудын нэг болсон ч SpaceX-ийн орлогын хэмжээ бусад томчуудынхаас хамаагүй доогуур байна. 2025 онд тус компани 18.7 тэрбум ам.долларын орлого олсон бол Microsoft-ийн орлого 281.7 тэрбум, Amazon-ийн орлого 717 тэрбум ам.доллар хүрсэн юм.