
Зургийг: Грийн Групп
Үндэсний үйлдвэрлэгч “Грийн Групп” ХХК экспортын үйл ажиллагаа болон дотоодын үйлдвэрлэлийн цар хүрээгээрээ 2025 оны Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр тодорч, 47 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Грийн Групп” өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн найман улсад нийлүүлж байна. Мөн олон улсын стандартад нийцсэн 30 брэндийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт худалдан авалтынхаа 86 хувийг дотоодоос бүрдүүлдэг.
“Грийн Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын харааны хүрээнд үндэсний брэндүүдийг бүтээж байна… Үйлдвэрлэгч, экспортлогч улс болоход чиглэсэн Төрийн оновчтой бодлого, “Хүнсний хувьсгал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж байгаа нь Монголын компаниуд олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдүүлж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.
“Грийн Групп”-ийн хувьд цаашид БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд экспортын зах зээлээ бэхжүүлэхээр төлөвлөж байна. Тус компанийн мэдээлснээр “Талын Монгол” брэндийн албан ёсны дистрибьютер болох хүсэлтийг найман улсын компани ирүүлээд байгаа бөгөөд БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улсад амжилттай экспорт хийгээд байгаа аж.
Экспортын орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь “Грийн Групп”-ийн бахархал болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл тодотголоо.