
Зургийг: С.Батсайхан
Улсын нэгдсэн төсвийн алдагдал оны эхний таван сарын гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг хүрлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 их наяд төгрөгөөр буюу 5.2 дахин өссөн байна.
2026 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг УИХ нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан юм. Харьцуулбал оны эхний таван сарын гүйцэтгэлээр төсвийн зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 13 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр өссөн. Хөрөнгийн зардал хамгийн өндөр буюу 72.5 хувиар өссөн нь нийт өсөлтийг бүрдүүлсэн байна.
Харин төсвийн орлого эхний таван сарын гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөг төвлөрсөн бөгөөд үүнээс татварын орлого 10.7 их наяд төгрөг болж, нийгмийн даатгалын болон НӨАТ-ын орлого 9.8-16.7 хувиар өсжээ. Харин суудлын автомашины импорт буурч буйн нөлөөгөөр онцгой албан татварын орлого 28.2 хувиар буурсан дүнтэй байна.
Татварын нийт орлогын 30.5 хувийг ХХОАТ, ААНОАТ, 23.6 хувийг НӨАТ, 22.7 хувийг нийгмийн даатгалын орлого бүрдүүлжээ.
УИХ-аар хэлэлцүүлж буй Татварын хуулийн төслүүдийг баталснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 4.1 их наяд орчим төгрөгөөр бууруулна гэж төсөл санаачлагч тайлбарлаж байгаа юм. Энэ хэмжээгээр төсвийн орлогод нөлөө үзүүлэх тул хууль хэрэгжиж эхлэх хугацааг 2027-2028 онд төлөвлөж буй.
Багш, эмч нарын цалин нэмсэнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлагатай. Иймд төсвийн тодотголыг ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн сайд мэдээлсэн юм.